“Чингис хаан” музейн барилгын ажил бүрэн дуусаж, ашиглалтад хүлээн авсныг Барилгын хөгжлийн төвөөс өчигдөр мэдээллээ. Тодруулбал, музейн барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүдийн 100 хувийн саналаар ийнхүү байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн аж. Тус барилга нь 20 500 ам метр бүхий есөн давхар, олон улсын стандартад нийцсэн юм байна. Музейн үйл ажиллагааг судалгаа, сургалт, танин мэдэхүй, соён гэгээрлийн цогцолбор байдлаар явуулах гэнэ. Түүнчлэн Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас эхлүүлэн наймдугаар богд Жавзандамба хутагт хаан ширээнээс буух үе хүртэлх Монголын хаадын түүхийг харуулахаар төлөвлөжээ. Барилгын 60 хувьд нь үзмэр, үзүүлэн байрлуулж, байнгын үзмэрийн 15 танхимтай байхаар зохион байгуулжээ. Музейн бүтээн байгуулалтыг Соёл яамны захиалга, “Балданс” компанийн зураг төслөөр “Билгүүн Монгол констракшн” гурван жилийн хугацаанд гүйцэтгэсэн аж.
Бэлтгэсэн С.Цэрэн