Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ-ын намрын чуулган эхэлж буйтай холбоотойгоор өчигдөр мэдээлэл хийв. Тус холбооныхон УИХ, Засгийн газарт урьдчилсан байдлаар гурван чиглэлийн санал, шаардлага хүргүүлжээ. Үүнд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2022 онд үе шаттайгаар 20-иос доошгүй хувиар нэмэх эх үүсвэрийг улсын төсөвт суулгахыг хүсжээ. Мөн төрийн, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нэмэгдүүлсэн цалин болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг төсөвт тусгах ёстой гэв. Төсвийн хэмнэлтийг сайжруулах, үргүй зарцуулалттай холбоотой үүсэж буй сөрөг үр дагаврыг арилгахыг шаардсан байна. Үүнээс гадна шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ огцом өссөн, иргэдийн худалдан авах чадвар буурч байгаатай холбогдуулан үнийн хөөрөгдлийг зогсоох арга хэмжээ авах хэрэгтэйг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар дурдав. Цар тахлын энэ үед хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн, ажлын байрыг хадгалах зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх хэрэгтэй гэдэгтэй санал нийлж буйгаа дээрх холбооныхон хэлэв. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд 345 000 орчим иргэн тэтгэвэр авч буйн 80 хувь нь сард 350 000 төгрөгөөс бага мөнгө авч байна.
Бэлтгэсэн С.Цэрэн