Монгол Улсын төр, цэргийн зүтгэлтэн, БХЯ-ны сайд, ЗХЖШ-ын дарга агсан хурандаа генерал Ж.Ёндонгийн дурсгалын хөшөө, "Соёмбо" цогцолборыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо сүндэрлүүлэв. Тус хөшөө, цогцолборын нээлтийг өнөөдөр (2021 оны 9 дүгээр сарын 30) морин цагт хийв. Хурандаа генерал Ж.Ёндон Монголын төр, цэргийн зүтгэлтэн, Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин, БНМАУ-ын БХЯ-ны сайд, БХЯ-ны нэгдүгээр орлогч бөгөөд Ардын Армийн Жанжин штабын дарга, Цэргийн Ерөнхий дээд сургуулийн захирал, Хүндэт харуулын анхны дарга зэрэг нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албан тушаалуудад үүрэг гүйцэтгэж, олноо "Жагсаалч, рапорт Ёндон" хэмээн алдаршсан аж. Уг бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг хандив, тусламжийн хэлбэрээр бүрдүүлсэн бөгөөд уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд хандаж гаргасан уриалгыг Зэвсэгт хүчний Жанжин штабын генерал, офицер, ахлагч нар манлайлан сэтгэлийн хандив өргөсөн байна. Мөн Батлан хамгаалахын сайдын 2020 оны А/98 дугаар тушаалаар “Хурандаа генерал Ж.Ёндонгийн дурсгалын хөшөө, цогцолборыг байгуулах ажлыг удирдах ажлын хэсэг” томилогдон өнгөрсөн хугацаанд уг дурсгалын хөшөө, цогцолборын зураг, бүдүүвч, орчны тохижилтын зураг, тооцоо, шаардагдах хөрөнгийн төсөв, хөшөөний загварыг гаргаж, газрын асуудлыг нь бүрэн шийдвэрлүүлжээ. Энэхүү дурсгалын хөшөө, цогцолборыг байгуулснаар төр, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндон агсны гавьяат үйлсийг сурталчлан мөнхжүүлэх, Сүхбаатар аймгийн төвийн өнгө үзэмж, тохижилтод хувь нэмэр оруулан орон нутгийн иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх амралт, зугаалгын орчныг бүрдүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ахмад үеэрээ бахархах үзлээр хүүхэд, залуучуудыг хүмүүжүүлэхэд чиглэгдсэн төрөл бүрийн ажлыг тогтмол зохион байгуулах боломж бүрдэх зэрэг өндөр ач холбогдолтой юм. Мөн “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-т улс орныг батлан хамгаалах болон эх орныхоо бүтээн байгуулалтад гавьяат үйлсийг бүтээсэн төр, цэрэг, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн баатарлаг, хөдөлмөрч үйл ажиллагааг залуу, хойч үеийнхэнд сурталчлах, тэднийг алдаршуулах, дурсгалын цогцолбор байгуулах зэрэг олон талт ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэхээр тусгажээ.