“Дэлхийн сурагчийн сүүний өдөр”-ийг Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Олон улсын сүүний холбоотой хамтран “Dairy Asia webinar: School milk program” сэдэвт бүс нутгийн арга хэмжээг 2021 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 14.00 цагт цахимаар зохион байгуулах гэж байна.
“Сургуулийн сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний шим тэжээллэг чанарыг сайжруулах, сүүний нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, сүүний салбарын зах зээлийг тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Цахим үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа болон Олон улсын сүүний холбооны ерөнхий захирал Каролина Эмонд нар үг хэлнэ. Мөн арга хэмжээнд Энэтхэг, Хятад, Тайланд, Бангладеш улсын хэрэгжүүлсэн “Сургуулийн сүү” хөтөлбөрийн туршлага, үр дүн мөн Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран боловсруулж байгаа хөтөлбөрийн саналын талаар танилцуулж, харилцан туршлага, мэдээлэл солилцох болно.