ОХУ-д үргэлжилж буй "Танкийн биатлон 2021" олон улсын цэргийн наадамд Монгол Улсын Зэвсэгт хүчний багийн ахмад Р.Ариунболд захирагчтай 3 дугаар экипаж уралдсан байна. Тус экипаж нь 24 минут 14 секундын амжилттайгаар устгах ёстой байгаа бүрэн устгаснаар гараандаа 2 дугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлжээ. Ингэснээр манай улсын Зэвсэгт хүчний баг ганцаарчилсан уралдааны төрөлд устгавал зохих 15 байгаа бүрэн устгаж, нийт 1.14.31 цагийн амжилттайгаар VII байранд орсон бөгөөд дараагийн буухиа уралдаанд оролцох болзлыг хангасан байна. Олон улсын энэхүү наадам нь ганцаарчилсан болон буухиа уралдаан гэсэн 2 үетэй болдог ба нэгдүгээр дивизионд оролцсон 11 багаас 8 баг буухиа уралдаан буюу хагас шигшээд шалгарч, хагас шигшээ уралдаанаас 4 баг шигшээ уралдаанд шалгарах зарчмаар явагддаг байна. Манай баг тамирчид өнөөдөр хагас шигшээгийн өнгө, дарааллаа сонгоно.
Үүнээс гадна олон улсын "Аравт" морин цэргийн уралдаан Оросын Холбооны Улсын Тува Улсын нийслэл Кызыл хотноо болж, амжилттай өндөрлөлөө. Тэмцээнд Оросын Холбооны Улс, Монгол, Казахстан, Узбекстан зэрэг улсын баг тамирчид оролцов. Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид өрсөлдөгчдөөсөө ур чадварын хувьд илүү байжээ. Тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байрт Оросын Холбооны Улс, дэд байрт Монгол Улс, Узбекстан Улс, гуравдугаар байрт Казахстан Улсын морьт тасгууд шалгарчээ. “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны нэг төрөл болох морь хөтлөгчдийн тэмцээнд Монгол Улсын багийн тамирчин, ахлагч М.Ням, дэд ахлагч Г.Билгүүн нар хамгийн богино хугацаанд морио хөтөлж түрүүлснээр цомын эзэд боллоо. Монгол Улсын Зэвсэгт хүчний багийн ахлагчаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, дасгалжуулагчаар ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ нар ажиллажээ. Тэмцээнд Зэвсэгт хүчний 013, 084, 123, 124, 327, 330, 350 дугаар ангиас 16 тамирчин цэргийн алба хаагч оролцсон юм.