УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн бэлтгэл, төрийн албаны болон Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн талаар АН (М.Тулгат даргатай) өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэнгийн хэлснээр салж, бутраад буй тус намынхан Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд нэгдэж орох, парламентад суудалгүй намуудтай хамтрах ажил тодорхой үр дүнд хүрээгүй бололтой. Тэрбээр “Парламентад суудалгүй намуудын төлөөлөлтэй уулзалт, яриа хэлэлцлүүд хийж байна” гэлээ. Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хүсэлтийг тэд өнөөдрөөс хүлээн авах юм байна.
Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр Төрийн албаны хуулийн хэрэгжилттэй холбоотой гомдол, санал орон нутгаас нэлээд ирж байгааг дурдсан. Тодруулбал, ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хүртэлх хувь нь төрийн жинхэнэ албан хаагч байхаар тусгасан хуулийн заалтыг зөрчиж, МАН-ынхан эл хязгаарыг хэтрүүлж байна гэв. Зарим орон нутагт төлөөлөгчдийн 60, бүр 90 хувь нь төрийн жинхэнэ албан хаагч болсон талаар тэрбээр хэлж байлаа. Тиймээс энэ талаар Төрийн албаны зөвлөл болон Сонгуулийн ерөнхий хороонд хандаж, зөрчигдсөн газар нь нөхөн сонгууль зарлахыг шаардав. Улс төрийн намын тухай хууль, тэр дундаа гишүүнчлэлтэй холбоотой зохицуулалтыг шинэчлэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх идэвхтэй ажиллах ёстойг тэрбээр онцолсон юм.
Бэлтгэсэн Б.Уран