“Талибан” хөдөлгөөнийхөн Афганистаны 34 мужийн есийнх нь нийслэлийг долоо хоногийн дотор эзлэв. Байлдааны ажиллагаа нийслэл Кабул руу улам ойртсоор байна. Тус хотыг 1-3 сарын дотор алдах нь гэж АНУ-ын Засгийн газар дахь эх сурвалжууд ярьжээ.
Улаан загалмай нийгэмлэгийнхний мэдээлснээр тус улсын хэмжээгээрээ хоёрдугаарт ордог Кандагар хотын төлөө ширүүн байлдаан одоо болж байна. Лхагва гаргийн өглөө талибууд тус улсын зүүн хойд нутгийн Бадахшан мужийн төв Файзабад хотыг эзэлснээ зарлав. Үүний дараахан Кабулаас баруун урагш орших Газни мужийн ижил нэртэй төв рүү талибууд орсныг ВВС-гийн эх сурвалжууд мэдээлжээ. Мягмар гаргийн орой баруун нутгийн Фарах, хойд нутгийн Баглан мужийн төв эзлэгдсэн аж.
Өмнөх өдөр нь талибууд Баглан болон Афганистан, Тажикистаны хилийн дунд орших Кундуз мужийн нийслэлийг булаасан байна. Тус мужид талибуудад Засгийн газрынх нь олон зуун цэрэг бууж өгсөн гэнэ. Багланы төв Пули-Хумри хот ч удаан үргэлжилсэн байлдааны ажиллагааны дараа бууж өгчээ. Талибууд хэд хэдэн чиглэлээр давшиж, төрийн түшмэд болон аюулаас хамгаалах хүчнийхэн нь Засгийн газрын ордон, тусгай албаны төв байр, цагдаагийн гол хэсгийг орхисон тухай “Guardian” сонины сэтгүүлч бичжээ. Европын Холбооны тооцоолсноор талибууд Афганистаны нутаг дэвсгэрийн 65 хувийг хяналтдаа аваад байна.