Боловсрол, шинжлэх ухааны сайд өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр 2022-2027 онд Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-тай хамтарч гурван төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Тодруулбал,
ШУТИС-д Хот төлөвлөлт, инженерийн тэнхим байгуулах, хот байгуулалтын салбарын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх 5 сая.ам долларын төсөл
ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоо уялдааг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх 5 сая.ам долларын төсөл
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх 8 сая.ам долларын төсөл
Мөн хоёр орны төлөөлөл Монголын багш нарыг чадавхжуулах, дахин сургах чиглэлд хамтран ажиллахаар ярилцжээ.
Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байгаа 12 мянган багш байна. Тэднийг богино хугацааны сургалтад хамруулах, цэцэрлэгийн багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, цэцэрлэгийн багш бэлтгэдэг сургуулийн багш нарыг тэтгэлэгт хөтөлбөрөөр магистр, докторын сургалтад хамруулах хэрэгцээ шаардлага байгаа юм. Шинжлэх ухааны салбарын залуу эрдэмтэн, судлаачдыг БНСУ-ын эрдэм шинжилгээний байгууллагуудад богино хугацаагаар мэргэшүүлэх, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, биотехнологи, нано технологи, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор КОЙКА-аас технологи-инновацийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ, сайн дурын мэргэжилтэн авч ажиллуулах талаар ч санал солилцсон талаар БШУЯ-аас мэдээллээ.