Наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад коронавирусын халдварын 11 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад нийт хүн амын 0,1 хувь нь хамрагдсан гэнэ. Тус улсад Нэгдсэн Үндэстний байгууллагын мандаттайгаар “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн баг цар тахалд өртсөн иргэдэд сэтгэлийн хандив өргөв. Тодруулбал, Монголын багийн Ахлагчийн зөвлөлөөс ажиллагааны газар оронд иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хариуцлагын бүсэд “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөжүүлэн сурталчлах зорилгоор “Юнити” секторын Бентью суурины төв эмнэлэгт 100 литр гар ариутгагч, 6000 ширхэг амны хаалтыг хандивлалаа. Уг хандивыг гардуулах ёслолд Батальоны захирагчийн орлогч, штабын дарга, хурандаа Ц.Батсайхан, Батальоны ахлагч, тэргүүн ахлагч Б.Пүрэвсүрэн, Юнити секторын Иргэн-цэргийн харилцааны офицер, хошууч Францис Себүданди нар болон Бентью суурины төв эмнэлгийн удирдлага оролцлоо. Бентью суурины төв эмнэлгийн удирдлага “Цар тахлын үед бидний үйл ажиллагааг дэмжин нэн хэрэгцээтэй гар ариутгагч, амны хаалтыг хандивлаж байгаад Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүнд баярласнаа илэрхийлээд, та бүхний цаашдын энхийг сахиулах ариун үйлсэд амжилт хүсье” хэмээн онцоллоо.