Хямралаас гарахын тулд Венесуэлийн Засгийн газар, сөрөг хүчин хоорондын хэлэлцээ энэ сарын 13-нд Мексикт эхэлж магадгүй тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Хэлэлцээнд оролцох хэд хэдэн орны зуучлагчаар Норвег оролцох бололтой.
Сөрөг хүчнийхэнтэй яриа хэлэлцээ хийж, Мексикт уулзахаар зөвшилцөж буйгаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн тавдугаар сард Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо хямралаас гарах гарц олохын тулд олон улсын хамтын нийгэмлэгийн оролцоотойгоор улс төрийн хүчнүүд хоорондын хэлэлцээ хийж эхлэх санал тавьсан аж. Венесуэлд авсан хориг арга хэмжээг цуцлах, улс төрийн хүчнүүд төрийн эрх барих байгууллагууд, тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, хүчирхийллээс бүх нийтээр татгалзах, намууд хэлэлцээнд оролцох гэсэн дөрвөн болзлыг мөрдсөн тохиолдолд уулзахад бэлэн гэдгээ Николас Мадуро мэдэгджээ.
Бэлтгэсэн: З.Гал