Монгол Улсын хэмжээнд 2021 оны хагас жилд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 21.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 23.8 хувиар тус тус буурсан байна. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 6694 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5656 хүнд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. 865 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, Эрүү шүүлт тулгах зэрэг Зарим гэмт хэргийн тоо өссөн аж. Тодруулбал, Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.
- гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 19 хэргээр буюу 17.3 хувиар,
- хүүхдийн эсрэг гэмт хэрэг 4 хэргээр буюу 3 дахин,
- эрүү шүүлт тулгах гэмт хэрэг 1 хэргээр буюу 1 дахин тус тус өссөн байна.
Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурав. Үүнд:
- авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 175 хэргээр буюу 32.2 хувиар,
- бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 608 хэргээр буюу 19.6 хувиар,
- хулгайлах гэмт хэрэг 376 хэргээр буюу 39.6 хувиар,
- дээрэмдэх гэмт хэрэг 60 хэргээр буюу 42.3 хувиар,
- хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 25 хэргээр буюу 11.5 хувиар,
- мал хулгайлах гэмт хэрэг 128 хэргээр буюу 52.0 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан байна.
Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд 2021 оны хагас жилд шүүхээс торгох ялаар нийт 3436 хүн, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 873 хүн, хорих ялаар 1273 хүн, зорчих эрхийг хязгаарлах ялаар 76 хүн тус тус ял шийтгүүлсэн байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хорих ял оногдуулсан хүний тоо 3.0 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хүний тоо 3.9 хувиар тус тус буурсан бол, торгох ял шийтгүүлсэн хүний тоо 5.5 хувиар өссөн байна.
Шүүхээс 3436 хүнийг нийт 4 тэрбум 489 сая 604 мянга 151 төгрөгийн төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 25.3 хувиар буурсан байна.