ҮАБЗ-д ажиллаж байсан өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий шүүгчидтэй хамт “Parkview” хотхонд архидан согтуурч, биеэ үнэлэгчидтэй тус хотхоны нэг байрнаас гарч буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсанаас хойш хууль сахиулах байгууллагынхан нарийвчлан шалгаж эхэлсэн. Түүнчлэн хэд хэдэн шүүгчийн данс руу мөнгө шилжүүлсэн баримтыг ч дэлгэсэн билээ. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, улмаар яллагдагчаар татах саналаа НПГ-ын хяналтын прокурорт хүргүүлсний дагуу өмгөөлөгч Б.Баасанцогтыг хоёр ч үндэслэлээр яллагдагчаар тооцсон байна. Энэ талаар АТГ-ынхнаас лавлахад “Түүнийг яллагдагчаар татсан нь үнэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Зарим цахим мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл цацагдаж байна лээ” гэсэн юм. Харин УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодруулахад “Б.Баасанцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр ч үндэслэлээр яллагдагчаар татсан нь үнэн. Харин түүнд холбогдох хэрэгт НПГ-т эрх бүхий албан тушаал хашиж байсан хоёр хүнийг яллагдагчаар татсан хэмээн зарим сонин, цахим хуудсанд бичсэн нь ташаа гэдгийг тодотгоё” хэмээв.
Өмгөөлөгч Б.Баасанцогтыг Эрүүгийн хуулийн 12.6-1 дэх хэсгийн “Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан”, 22.5-1-т заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэмээн яллагдагчаар тооцоод буй аж. Мөн өчигдөр өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт хооллож байсан НПГ-ын хяналтын прокурор Г.Батбаярыг ажлаас нь чөлөөлж, УЕПГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтэст шалгаж эхэлсэн байна. Тэрбээр Ерөнхий сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан М.Энхсайханд холбогдох зэрэг анхаарал татсан цөөнгүй хэрэгт хяналт тавьж шүүхээр шийдвэрлүүлсэн нэгэн юм.
Бэлтгэсэн Г.Равжаа