Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутагт орших Хар зүрхний хөх нуурын эрэгт Өмнөдэлгэр сумын харьяат дөрвөн гэр бүлийн 10 хүн энэ сарын 22-нд амрахаар очжээ. Улмаар дээрх иргэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, хоорондоо маргалдаж, иргэн Б тус нуурын эрэгт үлдээгээд явсан байна. Хамт явсан хүмүүс нь түүнийг орхиж, Өмнөдэлгэр сум луу буцсан бөгөөд маргааш нь буюу 23-нд тухайн иргэнийг авахаар Хар зүрхний хөх нуурт буцаж ирсэн боловч олоогүй гэнэ. Тиймээс тус аймгийн Онцгой байдлын газарт сураггүй алга болсон тухай дуудлага хүргүүлж, эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Алба хаагчид энэ сарын 26-ны 15.30 цагт иргэн Б-г нуурын усанд осолдсон болохыг тогтоож, 20.45 цагт 51 настай, эрэгтэйн цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар