Хур бороо ихтэй, ус гол үертэй байгааг мэргэжлийн байгууллагаас өдөр бүр, цаг тутам анхааруулсаар ирсэн. Өнөөдөр гэхэд Архангай, Өвөрхангай, Хэнтийн зарим гол үертэй байгааг онцгой байдлынхан анхааруулжээ. Гэсэн хэдий ч иргэд санамсар болгоомжгүйгээр гол усанд орж, амиа алдах тохиолдол тасрахгүй байгаа нь харамсалтай. Тухайлбал, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн орчимд Хэрлэн голын эрэгт амарч байсан нэг хүн голын усанд сэлэхээр ороод живэв. Тухайн 42 настай иргэн архи хэрэглэсэн үедээ гол руу оржээ. Эрлийн баг усанд живсэн иргэнийг Цэнхэрмандал сумын “Жаргалантын-Ам” гэдэг газраас Дэлгэрхаан сумын “Хэрлэнбаян-Улаан”, “Хөхтий”, “Хэцүү гацаа” гэдэг газар хүртэл хайсан боловч ололгүй 23.21 цагт эрлээ түр зогсоосон аж. Улмаар өнөөдөр өглөө эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Үүнээс гадна өчигдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг Тосон нуурын эрэгт амарч байсан дөрвөн хүний 2 нь нуурын усанд сэлэхээр ороод живсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн осолдсон иргэдийг хайсаар цогцсыг нь олжээ. Ийнхүү нийслэлээс дөрвүүлээ гарсан иргэд хоёр хүнээ алдаж, хоёулхнаа буцжээ.
Анхааруулсаар байхад дээрх мэт аймшигт осол өдөр бүр гарсаар буй. Тиймээс хур бороо ихтэй, гол ус үертэй байгаа үед усанд орохгүй байхыг иргэдээс дахин дахин хүсэж байна.