Хэд хоногийн өмнө самарт яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг ар гэрийнхэн нь эрж, цагдаа, онцгой, зэвсэгт хүчнийхэн нэгдэн, багагүй зардал гаргаж, нисдэг тэргээр хайж байж, уржигдар олж, нийслэлд авчирсан. Тэгвэл самарт явсан бас нэг иргэн сураггүй болжээ. Тиймээс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Өнчин толгой гэдэг газраас самар түүхээр яваад сураггүй болсон нэг хүнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Цагдаа, онцгой байдал, байгаль хамгаалагч нар хамтран төөрсөн иргэнийг хайж буй гэнэ. Төөрсөн иргэн нь Төв аймгийн Жаргалант сумын харьяат иргэн 29 настай, эрэгтэй аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Ерөө сумын Бугант тосгоны ойр орчмын ойг самнан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 05.20 цагт тус сумын 2 байгаль хамгаалагч, орон нутгийн 2 хүн, нийт 8 хүн, 9 морьтойгоор иргэнийг хайхаар ойн гүн рүү оржээ.
Хуулийн хугацаагаар самрыг есдүгээр сарын 10-ны өдрөөс дараа оны гуравдугаар сарын 15-ныг хүртэл түүж бэлтгэх ёстой. Ахуйн зориулалтаар нэг иргэн 25 кг-аас доош хэмжээний самрыг орон нутгийн байгаль хамгаалагчаас байгалийн дагалдах баялгийг ашиглах эрхтэй бичгийг авч, хяналт дор түүх боломжтой. Харин иргэд самар түүх хугацаа болоогүй байхад ганцаар болон олуулаа самарт явж, өөрсдийгөө эрсдэлд оруулж, ар гэрийнхнээ айлгаж, төрийн байгууллагад хүндрэл учруулсаар байна.