Сэлэнгэ аймгийн Ерөө сумд самар түүхээр очсон дөрвөн хүн сураггүй болсон талаар өмнө нь бид мэдээлж байсан. Азаар дөрвөн иргэнийг эсэн мэнд, эрүүл саруул олдлоо. Ерөө сумын Минжийн хангай гэдэг газраас самарт түүхээр яваад сураггүй болсон тэднийг онцгой, цагдаа, нутгийн иргэд цөөнгүй хоног хайж эрэл сурал болсон. Мөн Улаанбаатар хотын харьяат иргэн Т /58 настай, эрэгтэй/, У /37 настай, эмэгтэй/, Д /33 настай, эмэгтэй/, О /35 орчим настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар долдугаар сарын 22-ны өдрийн 15.39 цагт Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми-171Е” загварын нисдэг тэрэг хөлөглөсөн Үндэсний аврах бригадын, Цагдаагийн алба хаагчид гээд нийт 22 хүн бүрэлдэхүүнтэй бүлэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын чиглэлд хөөрч, мөн өдрийн 17.15 цагт “Минжийн даваа” гэдэг газар самарчдын отогт газардсан. Мөн өдрийн 17.20 цагт сураггүй болсон 4 хүнийг тус отгоос эсэн мэнд олж, тухайн иргэдийг Улаанбаатар хотод 19.30 цагт тээвэрлэн авчирч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.