Коронавируст цар тахлын үед гаднын улс орнуудаас иргэдээ авчрах Монгол Улсын Засгийн газрын ажлыг дэмжих зорилготой тусгай үүргийн нислэгийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага зохион байгуулж, 108 иргэн маргааш буюу долдугаар 23-нд эх орондоо ирэхээр болжээ.
НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага нь олон улсын өмнө хүлээсэн албан үүргийн дагуу гаднын улсаас эх орондоо эргэн ирэх хүсэлтэй иргэдийг дэмжих “Өөрийн хүсэлтээр эх орондоо буцах, эргэн суурьших” олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Уг хөтөлбөрийн хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бельгийн Вант Улс, Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Нидерландын Вант Улс зэрэг таван улсаас эх орондоо эргэн ирэх хүсэлтэй 108 иргэдийг тусгай үүргийн нислэгээр татан авах ажиллагааг улсын Онцгой комисс, Гадаад харилцааны яам, МИАТ ХК-тай хамтран зохион байгуулж байна.
Монгол Улс дахь коронавируст цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний хүрээнд Европын улсууд руу хийх нислэгийн тоо хязгаарлагдмал байсан учир эдгээр иргэд олон сараар гаднын улсад гацаж, санхүүгийн хувьд эсрдэлтэй нөхцөл байдалд ороод байсан юм. Хөтөлбөрт хамрагдаж, эх орондоо эргэн ирж буй иргэдийн нислэг болон тусгаарлалтын зардлыг НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага бүрэн хариуцах бөгөөд тусгаарлагдах байрны хүрэлцээнд нөлөөлөхгүйн үүднээс хувийн хэвшлийн зочид буудалтай хамтран ажиллах аж.
“Өөрийн хүсэлтээр эх орондоо буцах, эргэн суурьших” хөтөлбөрийг НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага дэлхий даяар хэрэгжүүлж, мянга, мянган шилжин суурьшигчдыг эх орондоо аюулгүй эргэн ирэхэд нь туслалцаа үзүүлдэг ба эргэн суурьшигчдын эдийн засаг, нийгэм, сэтгэлзүйн хэрэгцээнд суурилсан, тогтвортой эргэн суурьшилтыг хангахаас гадна хүмүүнлэг байдлаар шилжилт хөдөлгөөнийг удирдан зохицуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.