Сүүлийн үед цахим орчинд “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгон, иргэдээс мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлж, тодорхой хугацааны дараа 2 дахин үржүүлж өгнө гэх хууран мэхлэлт, залилангийн шинж чанартай үйл ажиллагааг тодорхой нэр бүхий этгээдийн зүгээс зохион байгуулж байж болзошгүй байна.
Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “... Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно”, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчээс бусад этгээд “даатгал”, эсхүл “даатгал” гэсэн үгний төрөл үг хэрэглэх, даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа, эсхүл уг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц нэр томъёо ашиглах болон тэдгээртэй адилтгах бусад үйлдэл хийхийг хориглоно” гэж заасан байдаг.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй аливаа этгээдтэй даатгалын гэрээ байгуулж, хураамж, шимтгэл, төлбөр төлөх болон иргэдээс татсан мөнгөн хөрөнгийг 2 дахин үржүүлж өгөх зэргээр өндөр хүү, өгөөж, үр шим амласан амлалтад залилуулж, хууран мэхлэгдэх эрсдэлтэйг анхаарууллаа. Тодорхой хэлбэл, иргэд, олон нийтийн зүгээс дээрх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг авахын өмнө тухайн байгууллагын оноосон нэр, эрхлэх үйл ажиллагаа нь холбогдох эрх бүхий байгууллагаас олгогдсон зөвшөөрөлтэй эсэхийг нягталж, өөрт учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг хүслээ.