Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдын баталсан удирдамжийн дагуу Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүд болон бусад хууль тогтоомж, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хугацаат цэргийн алба хаагчдын халдашгүй байх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийг шалгажээ. Тодорхой хэлбэл, Комиссын гишүүний Шаардлага, Зөвлөмж хүргүүлэх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссын ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ Зэвсэгт хүчний Жанжин Штабын харьяа 336 дугаар ангид хяналт шалгалт хийлээ. Мөн Төрийн цэргийн байгууллага дахь дүрмийн бус харьцааны шалтгаан нөхцөлийг судлах ажлын хүрээнд судалгааны багийн гишүүд алба хаагчдаас ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага, асуумжаар судалгааны ажлыг зохион байгуулав.
Шалгалтаар хугацаат цэргийн алба хаагчдын эрхийн хүрээнд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, зохистой хоол хүнс, хувцсаар хангагдах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх, халдашгүй чөлөөтэй байх эрх, сурч боловсрох, мэдээлэл авах эрх, өргөдөл гомдлоо гаргах, гадаад ертөнцтэй харилцах эрх, цэргийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдлыг хянажээ. Мөн Зэвсэгт Хүчний Жанжин Штабт хүргүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний 2021 оны 05/14 дугаартай Шаардлагын хэрэгжилтэд хяналт тавин ажилласан бөгөөд хяналт шалгалтын дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний Шаардлага, Зөвлөмжийг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх юм.