"Хуулийн мафи буюу хуулийнхны хонгил үүсгэж, авлигаждаг гол заалт бол шүүхээс мөрдөн байцаалтанд буцаах. Шүүхээс мөрдөн байцаалтанд буцаадаг явдлыг халах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-очир нартай хамт санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын Намрын чуулганаар хэлэлцэнэ. Хууль, шүүхийнхэний хонгил үүсгэж, хэргийг буцаах замаар замхруулж, алга болгодог, авлигаждаг мафийн сүлжээг энэ хуулиар нураана" хэмээн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нүүр номоороо дамжуулан мэдэгджээ. Тэрбээр анхан шат, давж заалдах шатны шүүхээс ял оноосон С.Баярцогт болон Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шийдвэр, магадлалыг өчигдөр улсын Дээд шүүхээс бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар болсныг үндэслэн ийн байр сууриа илэрхийлсэн юм. Өмнө нь ч тэрбээр хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаг "хуулийн хулгай"-н гол автор нь Ц.Нямдорж хэмээн мэдэгдэж байсан удаатай.