Өнгөрсөн 3-р сард “Microsoft Exchange”-ийн 250 мянган шуудангийн серверүүдэд цахим халдлага хийсэн тухай “Microsoft” компани мэдээлж байсан юм. Тэгвэл эл халдлагыг БНХАУ-ын нутаг дэвсгэрээс үйлдсэн хэмээн ЕХ,АНУ болон Их Британи улс буруутгаж байна. Тэрхүү цахим халдлага дэлхийн даяар 30 мянга гаруй байгууллагуудад хор нөлөө үзүүлжээ.
“Европын Холбоо, түүний гишүүн орнууд түншүүдийн хамт манай эдийн засаг, аюулгүй байдал, ардчилал, нийгэмд ихээхэн хор хөнөөл учруулсан цахим халдлагыг илчиллээ. ЕХ эдгээр хорлонтой үйлдлийг Хятадын нутаг дэвсгэрээс хийсэн хэмээн үзэж байна" гэж ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын төлөөлөгч Хосеп Борреллийн мэдэгдэлд дурджээ.
"Хятадын эрх баригчдын дэмждэг хакеруудын эл халдлага хариуцлагагүй үйлдэл бөгөөд анх удаа болж байгаа юм биш. Хятадын эрх баригчид эдгээр системчилсэн цахим хорлон сүйтгэх ажиллагааг таслан зогсоох ёстой. Эс бөгөөс тэдэнд хариуцлага тооцох болно"гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгдэв.
BBC агентлагийн мэдээлснээр БНХАУ-ын засгийн газартай холбоотой цахим гэмт хэрэгтнүүд хувийн компаниудын эсрэг “барьцааны мөнгө” нэхдэг програм хангамж ашиглан халдлага явуулсан гэх мэдээлэл АНУ-д бас бий аж.
"Үндэсний аюулгүй байдлын газар, Цахим орчны аюулгүй байдлын агентлаг, Холбооны мөрдөх товчоо АНУ-ыг болон түүний холбоотнуудыг чиглэсэн Хятадын эрх баригчдын ивээн тэтгэдэг хакеруудын 50 гаруй арга техникийг илчлэнэ" гэж АНУ-ын засаг захиргааны албан тушаалтны хэлсэн үгийг агентлаг иш татан мэдээлэв.
Хакерууд “Microsoft Exchange”-ийн эмзэг газрыг олж, серверийн мэдээллүүдэд нэвтрэх боломжийг олгодог “вэб-бүрхүүл” суулгасан байна Үүний үр дүнд “Microsoft Exchange”-ийн үйлчлүүлэгчид цахим болон тагнуул туршуулын хохирогчид болжээ. “Microsoft” компани эл халдлагыг Хятадын эрх баригчидтай холбоотой Hafnium хакерын бүлэглэлийг буруутгасан билээ.