УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлээр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд өнөөдөр хянан хэлэлцлээ. Б.Ундармаа УИХ-ын гишүүн байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 2018 оны наймдугаар сарын 24-ний А-147 дугаар тушаалаар “Доктор мэйж” ХХК-д 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн зээл авсан гэдэг. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ундармааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэргийг үйлдсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэн, 2020 оны тавдугаар сарын 24-ний өдөр шүүхэд шилжүүлсэн юм. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ял оноосон. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Ундармааг гэм буруугаа ухаарсан гэж үзээд 40 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн билээ. Улсын дээд шүүх уг хэргийг хэлэлцэж, давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Гэхдээ улсын яллагч эсэргүүцэл бичсэний дагуу өнөөдөр хэргийг дахин хэлэлцээд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээлээ.