Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар Монгол улсын иргэн нь нийслэлд 0.07 хүртэл га, аймгийн төвд 0.35 хүртэл га, сумын төв, тосгонд 0.5 хүртэл га, нийслэлийн аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газар 0.07 хүртэл га газрыг НЭГ УДАА үнэгүй өмчлөх эрхтэй.
Энэ эрхээ хэрхэн хэрэгжүүлэх талаарх мэдээллийг бид танд бэлтгэн хүргэж байна.
1. Хэнд хандах вэ?
Өмчилж авахыг хүсэж буй газрын харьяалагдах сум, дүүргийн Засаг даргад газар өмчлөх өргөдлөө гаргана.
2. Өргөдөлд юу тусгах вэ?
Гэр бүлийн гишүүн бүрийн овог, эцэг/эх/-ийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар,
Оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, өмчилж авах газрын засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал,
Өмчилж авах газрын зориулалт, хэмжээ
Өргөдөл гаргаж буй газрыг иргэд дундаа буюу хэсгээр хамтран өмчлөх бол энэ тухай хүсэлт зэрэг мэдээллийг тусгана.
Өргөдөлд өргөдөл гаргасан он, сар, өдрийг бичиж гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүн бүр гарын үсэг зурна.
3. Өргөдөлд хавсаргах баримт бичгүүд
Гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Гэр бүлийн ам бүлийн байдлын тухай Баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмшүүлэх гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг/Кадастрын зураг/
4. Шийдвэрлэх хугацаа
Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн авснаас хойш 3 сарын дотор шийдвэрлэнэ.
5. Өмчлөх эрхээ хэрхэн баталгаажуулах вэ?
Иргэн Үл хөдлөх эд хөрөнгийн газарт хандаж өмчилсөн газраа улсын бүртгэлд бүртгүүлснээр газар өмчлөх эрх тань баталгаажна.
6.Газар өмчлөх эрхтэй холбоотой гомдлоо хаана гаргах вэ?
Тухайн байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллагад гомдлоо гаргана. Дээд шатны албан тушаалтан 30 хоногийн дотор хариу өгөөгүй эсхүл өгсөн хариуг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргана. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа газар үнэгүй өмчлүүлэх тухай дээрх хуулийн заалтыг 2028.05.01-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр хуульчилсныг анхаарна уу.
Амжилт хүсье.