Улсын дээд шүүхийн хоёр шүүгч тусгай санал гаргасны дагуу С.Баярцогт нарт холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцэв. Улмаар С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж, анхан болон давж заалдах, хяналтын шатны шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрийг улсын Дээд шүүх гаргалаа. Өөрөөр хэлбэл, шүүх бүрэлдэхүүнд багтсан таван шүүгчээс хоёрынх нь гаргасан тусгай санал хуульд нийцсэн гэж үзэв.
Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.8 зүйл, 2002, 2015 оны Эрүүгийн хуулиудын тусгай ангийн 263, 22 зүйлд заасан гэмт хэргийн аль шинжийг хангаж байгааг тогтоох боломжгүй яллах дүгнэлт үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл, хэргийн дүгнэлт байхгүй, жагсаалт байна гэж үзсэн. Энэ нөхцөл байдал нь өөрөө шүүхийн шийдвэрт нөлөөлөх хүчин зүйл гэнэ.
Хэргийг прокурорт шилжүүлж, хянах хүртэл цагдан хорих шийдвэр хэвээр үргэлжилнэ.
Харин бусад хүмүүс буюу Б.Бямбасайхан, Да.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж хянан шийдвэрлэв.