Улстөрч С.Баярцогт, Д.Ганболд болон эдийн засагч Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал нарын гэм буруутайг эцэслэн тогтоохоор Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүгч нар хуралдаж байна. Үүнээс гадна өнөөдөр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг хянан хэлэлцэхээр тов гаргажээ. Б.Ундармаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлээ буцааж төлсөн учраас ял шийтгэлгүй үлдэж болзошгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан 800.000.000 /найман зуун сая/ төгрөгөө төлсөн аж. Б.Ундармаад торгуулийн ял өгөөд сулласныг буруу гэж үзсэн прокурор эсэргүүцэл бичсэн. Прокурорын эсэргүүцлийг үндэслэн, улсын Дээд шүүхэд ийн хэлэлцэх юм. Мөн улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд өнөөдөр Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг бас прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцэх юм. Тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13 өдөр хэлэлцэж, Ш.Батхүүд найман жилийн ял оноож, Ч.Ганзориг, Г. Амарбат, Б.Мөнхжаргал нарыг гэм буруутайд тооцсон ч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон удаатай. Харин Г.Алтан, Э.Сүрэнг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй хэмээн үзэж, цагаатгаж байсан юм. Эдгээр хэргийг улсын Дээд шүүх өнөөдөр эцэслэн шийдэх нь ээ.