Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Эхний хянан хэлэлцэх асуудал нь С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэрэг юм. Улсын яллагч нар тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2, 22.10 дугаар зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар ял төлөвлөсөн юм.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 17-ны 570 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн 1454 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 238 дугаар тогтоолтой, 470 хавтас хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн хэлэлцэж буй.
Чингэлтэй дүүргийн шүүхээс 2020 оны долдугаар сарын 18-нд шүүгдэгч С.Баярцогтыг гэмт буруутай гэж үзэн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, арван жилийн ял оноосон. Мөн Б.Бадрал, Б.Ариунсан нарыг нэг жил 6 сар, Б.Бямбасайханыг дөрөв, Д.Ганболдыг мөн жилийн хугацаагаар хорих ял оноосон байсан.
Давж заалдах шатны шүүх өнгөрсөн арванхоёрдугаар сарын 4-нд уг хэргийг хэлэлцээд Анхан шатны шүүхээс оноосон ялыг бууруулж, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэг жил гурван сар, Б.Ариунсан Б.Бадрал нарыг нэг жил хорихоор болсон билээ.
Харин улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд уг хэргийг хоёр сарын өмнө хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс С.Баярцогтод нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, 10 жил хорих ял оноон, үл хөдлөх эд хөрөнгүүд, оффшор бүсээс Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, дөрвөн жил, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сар хорих ял оноосон юм.
Гэхдээ Д.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Учир нь уг дөрвөн хүний үйлдэл 2015 онд гарч, түүнээс хойш таван жилийн хугацаа өнгөрсөн тул ийнхүү суллахаар болсон.
Өнөөдрийн тухайд С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийг гурван шатны шүүхээр шүүж дууссан ч хоёр шүүгч тусгай санал гаргасны дагуу дөрөв дэхээ буюу дахин хэлэлцэж байна.