Иран ураны баяжмал металл үйлдвэрлэж эхэлснээ Олон улсын атомын эрчим хүчний агентлагт мэдээлжээ. Энэ нь цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд “туслах” маш том алхам болох бөгөөд 2015 онд байгуулсан, Ираны цөмийн хэлэлцээрийг сэргээхэд “заналхийлж” байна гэж Европын гурван орон мэдэгдэв. Тегеранаас үүнийг “Судалгааны реакторын түлш боловсруулах зорилготой” гэж тайлбарласан бол АНУ “ухарсан алхам” гэж тодорхойлоод байна. Тодруулбал, АНУ, Европын орнуудын албаны хүмүүс Ираны шийдвэр нь Ерөнхийлөгч асан Дональд Трампын орхисон, 2015 оны хэлэлцээрийг сэргээхэд улам хүндрэл үүсгэж болзошгүйг хэлжээ. Цөмийн бөмбөг үйлдвэрлэхэд ашигладаг ийм бодистой болсон нь Ираны цөмийн хэлэлцээрийг зөрчиж буй хэрэг аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хоёр улс хэлэлцээрээ сэргээх алхмууд хийж эхэлсэн ч АНУ-ын тавьсан хориг арга хэмжээнүүдийн алийг нь цуцлах, эсэхэд санал зөрөлдсөөр ирсэн.