Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах долоо дахь удаагийн ёслол өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд болов. Б.Чимидийн нэрэмжит, Монгол Улсын Их Хурлын 2021 оны шагналыг өнөө жил Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяагийн туурвисан “Үндсэн хуулийн процессийн эрх зүй: Суурь ойлголт, тулгамдсан асуудал” бүтээлд олгохоор шийдвэрлэжээ.
Шагналыг шилдэг бүтээл туурвисан нэг хүн, эсвэл нэг судлаачдын багт Монгол Улсын Их Хурлаас жил бүр олгодог. Энэ удаагийн ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар болон албаны бусад хүмүүс оролцов
Ц.Сарантуяагийн бүтээл нь Үндсэн хуулийн хяналтын танин мэдэхүйн онол-практикийн үндсийг тавьсан, харьцуулсан эрх зүй судлалын хүрээнд Үндсэн хуулийн шүүхийн хөгжилд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын эрх зүйн шинжлэх ухаанд Үндсэн хуулийн процессийн эрх зүйн сургалт, судалгааны бие даасан шинэ салбар бий болгон, Монгол Улсад Үндсэн хуулийн шүүх хөгжих, парламентат ёс, Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан аж. Мөн тэрбээр хууль зүйн шинжлэх ухааны салбарт 40 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласнаас гадна олон мянган шавьтай шилдэг сурган хүмүүжүүлэгч, нэрт эрдэмтэн.
Доктор, профессор Ц.Сарантуяа 1992 оны ардчилсан, шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт багтан ажиллаж, 2019 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл хэрэгт анхнаас нь идэвхтэй оролцож, Монгол Улсад анх удаа болсон Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулалцаж, зөвлөлийн гишүүнээр ажиллажээ.
Ц.Сарантуяа шагналаа гардсаныхаа дараа "Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлөөс Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналд миний бүтээлийг илгээж, энэхүү эрхэм нэр хүндтэй шагналыг гардан авч буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн Б.Чимид багштайгаа олон жил ойр дотно хамтран ажиллаж байсныгаа нэр төрийн хэрэг гэж бодож явдгаа хэлж, багш маань улс орныхоо төлөө байнга сэтгэлээ чилээж явдаг, хүн бүрийн эрхийг тэгш эдлүүлэх тогтолцоог төлөвшүүлэхийн төлөө бүх насаараа зүтгэсэн нэгэн гэдгийг онцлов.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс