Цар тахлын улмаас нийгэм, эдийн нөхцөл байдал хүндэрч, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа доголдон, иргэдийн амьжиргаа муудсантай холбоотойгоор цахим гэмт хэрэг эрс өссөн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Цахим сүлжээ ашиглан үйлдсэн гэмт хэрэг 2019 онд улсын хэмжээнд 737, 2020 онд 1795 бүртгэгдсэн бол энэ жилийн эхний хагаст 1850 тохиолдол гарчээ. Гэмт хэргийн төрлөөр авч үзвэл бусдыг залилсан хэрэг зонхилох буюу 90 гаруй хувийг эзэлж байна. Тодруулбал, сүүлийн зургаан сарын хугацаанд цахим залилангийн 1700 хэрэг бүртгэгдэж, 4.9 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Энэ төрлийн гэмт хэрэг 2017 оноос өмнө жилд 15-20 гардаг байсан бол цахим хэрэглээ өссөнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд ийнхүү эрс нэмэгджээ. Ийм хэрэг үйлдэгчид голдуу онлайнаар бараа, бүтээгдэхүүний захиалга, урьдчилгаа төлбөр авах, бусдын фэйсбүүк хаяг ашиглан ойр дотнынхноос нь мөнгө зээлэх зэргээр иргэдийг хохироодог аж.
Олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттайгаар худал мэдээлэл түгээх, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах, мөрийтэй тоглоом зохион байгуулах хэрэг мөн өссөнийг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн онцлов. Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулдаг вэб сайт 2020 онд 18 байсан нь одоо 231 болж өсжээ. Эдгээрийн 68-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгаж буй бол 38-ынх нь холбогдох хүнийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татжээ. Мөн 72 вэб сайтын мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлж, Монголоос хэрэглэгч хандах боломжийг хязгаарласан байна.
Ташрамд дурдахад, олон хүний фэйсбүүк хаягийг хууль бусаар эзэмшиж, ашиг олох зорилгоор бусдад худалддаг, зохион байгуулалттайгаар мэдээлэл түгээдэг 25-30 насны, эрхэлсэн тодорхой ажилгүй Э, Г, Ж, Т, Ч нарын хэргийг цагдаагийн байгууллагынхан мөрдөн шалгаж байгаа гэнэ. Тэд хууль бус аргаар цуглуулсан фэйсбүүк хаягуудыг нэгдсэн командаар удирдах программ зохиож, түүнийгээ гадаадын серверт байршуулсан байжээ.