Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал С.Ганбатыг Тагнуулын ерөнхий газраас саатуулсан. Тагнуулын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөрөөс энэ талаар тодруулахад "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар генерал С.Ганбатыг саатуулан шалгаж байгаа нь үнэн. Бусад асуудлын талаар мэдээлэл өгөх боломжгүй" хэмээв. Өдгөө С.Ганбатыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид саатуулан шалгаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хорьж мөрдөн шалгаж буй. Эх сурвалжийн мэдээлснээр түүний гэрээс биет 500 ам.доллар, их хэмжээний галт зэвсэг хэрэгсэл, тагнах чагнах төхөөрөмж, нийтэд хаалттай бичиг баримтууд гарсан гэнэ.
Өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бригадын генерал цол хүртсэн С.Ганбат нь 1990 онд Эрүүгийн цагдаагийн газарт туслах төлөөлөгчийн статусаар ажлын гараагаа эхэлж, тус газрын дарга, Хонконг дахь Ерөнхий консулын газарт зөвлөх консулаар томилогдсон. Хонконгоос ирээд Дотоодын цэргийн штабын даргаар ажиллаж байсан юм. Түүнийг Эрүүгийн хуулийн зааснаар шалгаж байна.