УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Үндэсний аудитын газрын дарга, ерөнхий аудитор Д.Занданбат энэ талаар танилцуулав. Тэрбээр “Төрийн аудитын байгууллага 2020 оныг “Эрх зүйн орчин, стандартын шинэтгэлийн жил” гэж тодорхойлсон. Аудит хийх чиг үүргийг манайд 30 гаруй хуулиар хариуцуулсан бөгөөд үүний дагуу 20 гаруй дүрэм, журам шинэчлэн боловсруулж баталлаа. Үндэсний аудитын газар өнгөрсөн онд 4141 аудит хийж дүгнэлт, тайлан гаргасан. 12.8 их наяд төгрөгийн зөрчил илрүүлснээс 4.6 их наяд төгрөгийнхийг нь шалгалтын явцад залруулсан” гэв. Үүний 58.1 хувь нь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлантай, 19.2 хувь нь улс, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлээгүйтэй, 8.1 хувь нь дотоод хяналтын тогтолцоо сул байгаатай, үлдсэн нь хууль тогтоомжийг хангалттай хэрэгжүүлээгүйтэй холбоотой байжээ.
Ерөнхий аудиторын орлогч Ц.Наранчимэг энэ үеэр “2020 онд төрийн аудитын байгууллагаас төлбөрийн 1934 акт тогтоосон. Үүнийг 85 хувьтай биелүүлсэн байна. Мөн манайхаас 3300 албан шаардлага хүргүүлсний 75, 9890 зөвлөмж илгээсний 93 хувийг нь хэрэгжүүлсэн. УИХ, АТГ, Шадар сайд, Барилга, хот байгуулалтын сайд гэсэн төсвийн ерөнхийлөн дөрвөн захирагч манай зөвлөмжийг 100 хувь биелүүлсэн” гэж байв. Зөвлөмж биелүүлээгүй учир хуулийн байгууллагад шилжүүлж, 560 албан тушаалтанд хариуцлага тооцуулсныг Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат хэлсэн юм.
Бэлтгэсэн Б.Анх