Их үер, тахал өвчний улмаас БНАСАУ өлсгөлөнгийн ирмэг дээр очоод байна. Удирдагч Ким Жөн Ун нь улс орныхоо байдлыг “Түүхэнд тохиолдсон хамгийн хүнд, хэцүү үе” гэж тодорхойлоод, үүнийг даван туулах бэлтгэлтэй байхыг хүн арддаа уриалсан. Тус улс өмнө нь нүүрлэсэн өлсгөлөнг хэрхэн давж, иргэд нь яаж зовж байсан болон тэнд нөхцөл байдал ямар түвшинд хүрсэн талаар Оросын “Лента.ру” сайтад гарсан “Тэд хүүхдийг ч идэж байсан” нийтлэлийг хүргэе. Үүний эх сурвалж нь Пак Жи Хён гэдэг эмэгтэй аж. 1990-ээд оны эдийн засгийн хямрал, аймшигтай өлсгөлөнгийн талаар ярьсан тэрбээр тухайн үедээ хүний наймаачдын гарт орж, хөдөлмөрийн лагерьт амиа алдах дөхөж, эцэст нь улсаасаа зугтан гарсан юм байна.
Пак Жи Хён 1968 онд Зөвлөлт улстай залгаа хилээс холгүй орших Чон Жин хотод төржээ. Эцэг нь жолооч бөгөөд гэртээ заримдаа орос чихэр, талхтай ирнэ. Тэр талхны амт түүний хүүхэд насны хамгийн гэгээн дурсамжийн нэг учраас “хлеб” гэх орос үгийг одоо хэр нь мартаагүй. “Умард Солонгост бид ийм талх, амттаныг мөрөөдөх ч боломжгүй байсан. Аав маань бидэнд “Талх, чихэр авчирсан талаар хэнд ч ярьж болохгүй” гэж захиж, хориглодог байв” гэж Жи Хён ярьжээ. Түүний бага, өсвөр нас тэр үеийн Умард Солонгосын хүүхдүүдийнхээс ялгарах юмгүй өнгөрсөн. Тэндхийн хүүхдүүдэд хар багаас нь Америк, Сөүлийг үзэн ядуулж, янкууд бол дайсан, Өмнөд Солонгос бол Америкийн гар, хөл гэсэн үзлийг суулгадаг байв. Тэрбээр “Бид тоглохдоо талцаад янкууд, Өмнөд Солонгосын цэрэг, эх орныхоо дайчид болоод “тулалддаг”, тэгээд ялалт үргэлж манай талынх болдог байсан” гэж өгүүлэв.
Социалист лагерь үгүй болж, ЗХУ задарсан нь БНАСАУ-ын нөхцөл байдлыг улам дордуулав. Хүнсний болон санхүүгийн үлэмж хэмжээний тусламж үзүүлдэг тэтгэгчгүй боллоо. Жи Хёны ярьснаар, хүнсний хомсдол бүр 1990-ээд оны эхээр бий болж, тус улсын хүн амын 80 хувь картын тогтолцоонд оржээ. 1980-аад оны эцсээр эрх баригчид нь хүн ардаа өдөрт гурав биш, хоёр удаа хооллохыг уриалж, хуваарилан тараадаг хүнсний барааныхаа хэмжээг бууруулах болжээ. Муу дээр муухай нэмэр гэгчээр тариалангийнх нь нэлээд хэсэг үерт автсан нь нэгэнт суларчихаад байсан нөхцөл байдлыг улам дордууллаа. Хүнс авах тусгай эрхийн бичиг (талон)-ийг өдөр бүр тараадгаа больж, өнждөг болсноор хүмүүс цагаан будаа, бусад зүйлээ хэд хоногийнхоор нь авч чадахгүйд хүрчээ. Ингээд 1997 оноос картын тогтолцоо үйлчлэхээ больж, хүмүүс өлбөрч үхэж эхэллээ. Өлсөж, эцсэний улмаас амь тавьсан хүмүүсийн цогцос гудамж, талбай, зам дээр ч байхыг өдөр бүр шахам харж байснаа Жи Хён ярилаа. Тэрбээр өлбөрч үхсэн хамаатныхаа тухай “Цогцсыг нь харахад хүний бие гэхээргүй, арьс нөмөргөсөн яс л байсан” гэж хэлэв. Аймшигт өлсгөлөнг тэсэж үлдэхийн тулд тэдний гэрийнхэн хамаг хогшлоо зарахаас аргагүй болжээ. Жи Хёныг багш болоход аав нь бэлэглэсэн, хамгийн дуртай цамцаа зарахдаа жаахан харамсаж байсан гэнэ.
Хүмүүс тааралдсанаа идэж байлаа. Бүсгүй аргаа барж бусдын адил уулнаас өвс түүж иднэ. Тэнгисийн эргээр тэнүүчлэн хоол болчихмоор зүйл хайж, хулгана барьсан нь ч олон удаа. “Хаашаа л харна өлсөж, туйлдсан хүмүүс. Өнөөгийн хүмүүс өсгөлөн гэж юу болохыг төсөөлөхгүй. Хэд хоногоор юу ч идэхгүй, бага зэрэг ус ууж өнжсөн үе цөөнгүй. Их өлсөхөөрөө хүн араатан болж хувирдаг юм билээ” гэж ярьсан бүсгүй хүмүүс нэгнийгээ алж иддэг байсныг нь мэднэ. Тэр ч бүү хэл хүүхдийг ч өрөвдөхгүй идчихдэг байжээ. Өлсгөлөн гээч ийм л “хүчтэй” аймаар зүйл. Хүмүүс хоол хайж хаашаа ч юм яваад буцаж ирээгүй нь олонтоо. “Тэнд хоол элбэг гэнэ” гэсэн сураг сонсоод хөрш Хятадыг зорьсон хүн ч тоймгүй. 1998 онд Жи Хён ч явахаар шийджээ.
Өлсгөлөнгөөс гадна дүү нь цэргийнхэнтэй холбогдсоноор маш таагүй явдалд орооцолдсон нь Жи Хёныг эх орноосоо явахад хүргэсэн аж.
Улсдаа байх нь аминд халгаатай болсон хэмээсэн тэрбээр “Бид өвчтэй эцгээ ганцааранг нь хүйтэн өрөөнд орхих болсон. Аав минь яаж өөд болсныг би одоо хэр нь мэдэхгүй” гэв. Бүсгүй өнөөх дүүтэйгээ хил гарч яваад хүний наймаачдын гарт оржээ. Наймаачид тэднийг салгаж, дүүг нь Умард Солонгос руу явуулснаас хойш сураг тасарсан. Амьд, үхсэнийг нь бүү мэд. Жи Хёныг 5000 юанаар хятад эрд зарснаар айлын бэр болжээ. Чухам юу болоод байгааг ойлгоогүй бүсгүй хүн худалдана гэдгийг ч мэдэхгүй. “Хадам эх” нь түүнд хатуу хандана. “Чамайг худалдаж авахын тулд их мөнгө зээлсэн, тиймээс ажил хийж, “өрөө” төлөх ёстой” гэж загнана. “Би жинхэнэ барлаг болсон. Үүр цүүрээс шөнө болтол зүтгэнэ. Надад мөнгө өгөхгүй. Тэр гэрийнхэнтэй хамт сууж хоол идэж, юм уухыг ч зөвшөөрөхгүй. Намайг ер нь хүн гэж үзэхгүй” гээд Жи Хён жирэмсэн болсон талаараа өгүүлэв. Тэрбээр өөрийгөө үзэн ядаж, зарцын амьдралаа зүхэж амиа хорлох талаар бодох болжээ. Гэвч “Хэвлий дэх үр минь миний удмыг залгах ганц хүн, түүнээс өөр намайг гэх хэн ч үгүй” гэсэн бодол төрсөн гэнэ. Ингэж амьдрах итгэл, ирээдүйн тухай мөрөөдөл бэлэглэсэн хүүхдийг нь гаргуулахгүй, “Хурдан наадхаасаа сал” гэж хадам нь тушаасан ч үгэнд нь оролгүй, амаржталаа гэдсээ нуун хоёр нарны хооронд ажлаа хийсээр байв. Хятадын эрх баригчид түүнийг эх орон руу нь буцаачих тул эмнэлэгт хандаж чадахгүй учраас хүүхдээ өөрөө эх барьж авчээ. Хүүтэй болсон нь түүний амьдралын хамгийн аз жаргалтай мөч. Гэтэл хүүг нь нөхөр гэх өнөөх хятад эр мөрийтэй тоглоомын өрөндөө зарах сонирхолтой байлаа. “Би амьдралдаа ямар нэг юманд ер дургүйцэж, эсэргүүцэж байгаагүй. Харин энэ удаа анх өөрийнхөө төлөө тэмцсэн. Хутга шүүрч аваад түүн рүү дуугаа өндөрсгөн “Хүүд минь гар хүрвэл чамайг ална” гэж би хэлсэн” гэж Жи Хён дурсаж байна.
Хүүгээ төрүүлснээс нэг жилийн дараа бүсгүйг баривчилжээ. Цагдаа нар яг л нөхөр шиг нь хандаж, хүүхдээ худалдахыг санал болгов. “Хятадуудын хувьд хүү минь хүн биш. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх ч байхгүй. Эмнэлгийн тусламж ч үзүүлдэггүй байсан” гэж ярихдаа нулимс нь сул асгарах Жи Хён “Иргэний харьяалалгүй хүүхдүүдийн талаар Хятадын Засгийн газар ч, НҮБ ч яагаад ярьдаггүй юм бэ. Тэгсэн атлаа дипломат яриа хэлэлцээр, цөмийн зэвсэг гэх юм” хэмээн гайхлаа.
Түүний хэлснээр, Хятадад өдгөө БНАСАУ-ын дүрвэгсдийн 30 мянга гаруй хүүхэд иргэний харьяалалгүй, сургуульд сурах, эмнэлгийн тусламж авах ямар ч боломжгүй амьдарч байна.
2003 онд хүүг нь таван настай байхад хар дарсан зүүд шиг явдал болжээ. Гэрт нь цагдаа нар дайрч ороод хүүг аваад явчихаж. Тэрбээр “Юу болоод байгааг хүү минь ойлгохгүй бүлтэгнээд, түүнийг үнсэхийг хүссэн ч цагдаа зөвшөөрөөгүй. Дараа нь намайг Умард Солонгос руу явуулсан” гэв.
Эх орондоо хүргэгдсэн Жи Хёныг хөдөлмөрийн лагерьт илгээжээ. “Биднийг зугтахаас сэргийлж хөл нүцгэн ажиллуулдаг учраас шил, чулуун дээр гишгэж гэмтэх нь элбэг. Угаалга хийхийг зөвшөөрөхгүй, эм өгөхгүй, бие засах хэвийн нөхцөлгүй, ганц нэгээрээ байж болохгүй. Оромж нь цонхгүй, муухай, эвгүй үнэртэй. Байнга өлсгөлөн байлгана. Сиймхий ашиглаад түр амрах гэвэл харуулууд зодож, тамлах тул цус, шархаа үл тоон ажиллахаас яах вэ” хэмээсэн бүсгүй нэг удаа айхавтар халдвар авчээ. Харуулууд түүнийг байнгын оршин суугч биш учраас лагерийн гадна үхэг гээд гаргаад хаячихжээ.
Жи Хён өвчнийг ялжээ. Ингээд хүүгээ хайж Хятадыг зорихоор хүний наймаачдад өөрөө хандав. Мөнгөгүй, бие нь тун тааруу түүнд өөр сонголт байсангүй. Хятад руу явах замдаа эрх баригчдад золтой л баригдчихсангүй. Хил орчмын нутаг дэвсгэрт таксийн үйлчилгээ эрхлэгчид цагдаа нартай холбоо сүлбээтэй байх нь цөөнгүй. Жолооч нар Умард Солонгосоос ирэгсэд, тэднийг Хятад руу оруулж ирдэг наймаачдыг барьж өгдөг. Нэг жолооч Жи Хёныг сэжиглэсэн ч Хятадад барилгын ажил хийж байхдаа хэл гайгүй сурсан нь аминд оров. Өөрийгөө хятад эмэгтэй гэж итгүүлж дөнгөжээ.
Ингээд зогсохгүй өөрийг нь зарц болгож худалдах гэж байсан этгээдийн амийг ч аварсан аж. Үүнд нь талархсан хүний наймаачин эр Жи Хёныг суллаад явууллаа. Ингээд 2005 онд бүсгүй хүүтэйгээ учрав. Хүүд нь хятадууд ямар хүнлэг бус хандсаныг хараад ихэд цочирдов. Хүү нь тэнэмэл, үгээгүй гуйлгачин шиг харагджээ. “Хирэндээ баригдсан, хэрзийсэн амьтан байлаа” гэж тэрбээр ярив. Жи Хён хүүтэйгээ Өмнөд Солонгос руу зугтах гэж оролдоод бүтсэнгүй. Дараа нь Бээжинд тааралдсан эх орон нэгтнүүдтэйгээ Монгол Улсыг зорихоор шийджээ. Зорьсон улсынхаа хил дээр ирмэгцээ нөгөөдүүл нь хилчдэд баригдахгүйн тулд салж, бутраад гүйлдэв. Бүсгүйн хөл өвдөөд, бас бага насны хүүхэдтэй болохоор санаснаараа гүйж чадсангүй. Тэгтэл нэг эрэгтэй гүйж ирээд хүүг нь үүрээд, өөрийг нь хөтлөөд ухасхийжээ. “Ийнхүү бид Монгол газарт хөл тавилаа. Тэр хүн бидний нэг байсан. Намайг хоцрохыг хараад буцаад гүйжээ. Одоо бид нэг гэр бүл болсон” хэмээн дурслаа. Тэд хамтдаа БНСУ-ын ЭСЯ байдаг Улаанбаатарт очих бодолтой байсан ч хүний нутагт уудам говийг явганаар, хүүхэдтэйгээ туулах боломжгүй гэж үзээд Хятад руу буцжээ.
2007 онд Жи Хён солонгос гаралтай, америк гэлэнтэй тааралдах хүртлээ нөхөртэйгөө гудамжинд хоол зарж, амь зууж байв. Гэлэн тэднийг Умард Солонгосоос зугтсаныг мэдээд НҮБ-ын зуучлалаар өөр оронд очиход нь туслахаар шийджээ. Ингээд эцэст нь тэд Хятадаас явж, 2008 оноос Британид амьдарч, харьяат ч болсон байна. Зовж зүдэрч байж аз жаргалтайгаа золгосон Жи Хён хүний эрхийг хамгаалагч болсон төдийгүй орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлжээ.
1990-ээд оны хямралтай жишихүйц өлсгөлөнгийн аюул нүүрлэж буйг Ким Жөн Ун 2021 оны зургадугаар сарын дундуур урьдчилан сануулсан. Хүнсний хомсдол дүрвэгчдийн гадагш урсгалыг нэмэгдүүлж болзошгүй юм. Хэчнээн хүн амь дүйн эх орноосоо дайжсан талаарх лавтай мэдээлэл авах боломж байхгүй. Умард Солонгос, Хятадын залгаа хил рүү НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газрын төлөөлөгчид нэвтэрч чадахгүй байгаа аж. Албан бус мэдээллээр бол Умард Солонгосын байдал маш тогтворгүй байгаа нь Ким Жөн Уныг мэдэгдэл хийхэд хүргэсэн байж мэднэ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тооцоолж буйгаар, БНАСАУ-д энэ жил 860 мянган тонн хүнс дутагдаж болзошгүй юм. Пак Жи Хёны үзэж буйгаар, байдал 1990-ээд оныхоос эрс ялгаатай байна. Сүүлийн 25 жилд энэ улс өөрчлөгдөж, бизнес гэх юм бий болж эхлэн, фермийн аж ахуй хөгжиж, цаг хүндрэхэд Засгийн газар халамж үзүүлэхгүй, өөртөө л найдахаас аргагүй гэдгийг хүмүүс ойлгох болсон. Хүн амынх нь үзэл бодолд ахиц дэвшил гарахад гадаадын тэр дундаа хориглоод байхад л “нэвтэрч ирээд” байгаа Өмнөд Солонгосын кино, дуу, хөгжим багагүй түлхэц болж байгаа гэх. Гэсэн ч хүнсний хомсдол, өлсгөлөн бол аймаар зүйл хэвээр. Дэлхийн хамгийн хаалттай орноос тархаж буй мэдээллээс үзвэл, тэнд үзэл суртлын жинхэнэ дайн эхэлжээ. Өмнөдөөс агаарын бөмбөлөг ашиглан хил давуулан ухуулах хуудас тараах болсонд Умард Солонгос маш хурц хариу үзүүлж буй. Юу гэхээр, “хөрөнгөтний” хөгжим сонсож, киног нь үзсэн хүнийг хөдөлмөрийн лагерьт илгээгээд зогсохгүй цаазалж байгаа юм. “Социализмын эсрэг суртал нэвтрүүлгээс Ким Жөн Ун үнэндээ айж байна. Хүмүүс хэрэв Засгийн газрын суртал нэвтрүүлгийг дагахаа байвал Умард Солонгос сүйрнэ гэж Пак Жи Хён ярилаа.
Бэлтгэсэн: Э.Хана