Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн найруулаад буй. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Уг хуулийг шинэчлэх шаардлага юу байв, ямар ач холбогдолтой вэ, цаашид ямар үр дүн, өөрчлөлт гаргах талаар төсөл боловсруулахад ажилласан эрхзүйч нарын төлөөллөөс тодрууллаа.
Д.ГАНЗОРИГ (хуульч):
-Нэгдүгээрт, 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсантай холбоотойгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг өөрчилж баталсан. Эдгээр хуулийн үргэлжлэл болгон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өөрчлөх шаардлага гарсан юм. Хоёрдугаарт, уг хууль 1994 онд батлагдсанаас хойш нийгэм, эдийн засгийн харилцаа өөрчлөгдсөн бөгөөд хуулийн үр нөлөөний талаар судалгаа хийхэд зайлшгүй шинэчлэх хэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан.
Тодорхой, ямар асуудал байна вэ гэдэгт хариулъя. Нэгдүгээрт, нийслэлд төрийн дээд байгууллагууд, гадаад улсын Элчин сайдын яам, олон улсын байгууллагууд төвлөрч үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах үндсэн үүрэг нийслэлийн удирдлагад байна. Энэ талаар өмнөх хуулиудад заагаагүй. Хоёрдугаарт, Үндэсний баяр наадам, төрийн дээд хэмжээний айлчлалууд, төрийн оролцоотой олон улсын чанартай хурал, цуглаан, спорт, урлагийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахад Засгийн газар, нийслэл ямар үүрэг гүйцэтгэхийг нарийвчлан зохицуулсан нь үгүй. Тиймээс үүнийг тодорхой болгох шаардлага гарсан. Гуравдугаарт, нийслэл нь улс төрийн гэлтгүй эдийн засаг, нийгмийн төв. Бизнес, банк, санхүүгийн байгууллагууд энд төвлөрдөг. Олон улсын ложистик, төмөр зам, онгоцны буудал, бөөний худалдаа гээд бүхий л ажил, үйлчилгээ нийслэлд л төвлөрдөг. Энэ бүхэнд нийслэлийн үүрэг ямар байх вэ гэдэг тийм ч тодорхой бус байсан. Дөрөвдүгээрт, төр, Засгийн газартай хамтарч хийх ажлуудын тухайд яам, агентлагууд нийслэлийн удирдлагатай хэрхэн харилцах, нийслэлийн удирдлага нь төр болон Засгийн газарт асуудлаа яаж тавьж, шийдвэрлүүлэх вэ гэдэг талд ч зохицуулалт сул. Үүнийг ч шийдэх хууль зүйн үндэслэл гарч ирж байна гэж ойлгоно.
Тавдугаарт, нийслэл бол хүн амын төвлөрлөөс хамаарсан дагуул хотуудтай. Хуульд дагуул хоттой байна гээд л орхисон байна. Нийслэл болон тэдгээр хот хоорондын эдийн засгийн харилцаа ямар байх ёстойг хэлсэн зүйл үгүй байлаа. Хоорондоо яг яаж харилцах юм гэдэг зохицуулалт байгаагүй. Зургадугаарт, нийслэл бие дааж нийгэм, эдийн засгаа шийдвэрлэхийн тулд хөрөнгө санхүүтэй байж, түүнийгээ бие дааж шийдвэрлэх асуудал байна. Функцүүдтэй холбоотойгоор нийслэлийн төсвийг ямар механизмаар бүрдүүлэх, татварын болон бусад орлого, концесс, үнэт цаас гэдэг ч юм уу, санхүүгийн өөр эх үүсвэрүүдийн талаар Засгийн газартай харилцан ойлголцож, зөвшилцөж шийдвэр гаргахыг зохицуулах шаардлага байгааг олж харсны үндсэн дээр зохицуулалтыг боловсронгуй болгож буй. Нийслэлийг хөгжүүлэхэд чиглэсэн янз бүрийн сангууд байж болно. Инновацыг хөгжүүлж, дэмжих, Гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих сан гэх жишээтэй. Долдугаарт, нийслэлийн удирдлагын зохион байгуулалт аймгийнхныг бодвол арай өөр. Хотын амьдралыг зохицуулахын тулд удирдлага буюу хотын захирагч нь ямар чиг үүргүүдээ ерөнхий менежерт шилжүүлэх, авсан чиг үүргүүдээ ерөнхий менежер хэрэгжүүлэхдээ дүүргүүдтэйгээ хэрхэн харилцах, ямар үүрэг, хариуцлага хүлээх зэргийг тодотгосон заалт нэлээд бий.
Бүхэлдээ энэ хуулийн үзэл санаа нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд голлон чиглэж байгаа юм. Стандартуудыг батлах шаардлагатай болно. Жишээ нь, дэд бүтцийн, тухайлбал, явган хүний замаас авхуулаад байшин барилга барих стандарт зэрэг ч хамаарна. Уг хуулийг хэрэгжүүлэхэд иргэд оролцох боломжийг хуулиар зохицуулж өгсөн. Иргэдийн үүсгэл санаачилгыг дэмжих чиглэлийг баримталсан.
Төвлөрөл их байна. Замын түгжрэл, байшин барилга шигүү гээд асуудал байна. Тийм учраас хот төлөвлөлтийн асуудлыг өмнөхөөс өөрөөр авч үзье гэж байгаа юм. Энэ тухайд стандарт, дүрэм, журам батлахын тулд иргэдээ сонсохыг чухалчилсан. Төвлөрлийг сааруулах үүднээс нийслэлийн бүсчлэлийг тогтоож буй. Төвийн бүсэд ороод ирвэл арай өөр хураамж төлөх, хотын захад үл хөдлөх хөрөнгийн татвар бага байх гэх мэт асуудал иргэдэд ойлгомжтой болж байгаа.
Нийслэлийн удирдлагаас дэвшүүлж буй нэг чухал санаа бол “Аливаа зүйлийг хийхдээ төсөв, мөнгө хүлээгээд байхаа больё. Хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг өөрсдөө бий болгож, үр дүнг иргэдэд хүртээх” юм. Жишээ нь, дагуул хотыг авч үзье. Хот гэдэг субъектийн нөгөө талд хөрөнгө оруулагчид буюу бизнес эрхлэгчид байдаг. Тэдгээрийн хоорондох харилцааг ажил, үйлчилгээ саадгүй явуулах боломжийг бүрдүүлтэл, жишээ нь, гэрээ яаж хийх вэ гэх зэргээр боловсронгуй болгох талд анхаарсан заалтуудыг тусгасан.
Нийслэл бол эдийн засаг, аж ахуйн амьдрал юм. Тэгэхээр хуулийг эдийн засгийн хөгжил талаас харж, шинэчлэн найруулсан. Урьд нь засаг, захиргааны нэгж гэж хардаг байж. Харах өнцөг өдгөө арай өөр болсон гэж ойлгож болно.
Д.МӨНХ-ЭРДЭНЭ (хуульч):
-Нийслэл хотын иргэд, оршин суугчдын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн үндсийг энэ хуулиар бий болгох учиртай. 1994 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль баталснаас хойш өдгөө олон зүйл өөрчлөгдсөн. Ганц, хоёр жишээ хэлэхэд, тухайн үед оршин суугчдын тоо 600 мянга гаруй байсан бол өнөөдөр 1.5 саяд хүрээд байна. Автомашины тоо 20 мянга гаруй байсан бол өнөөдөр замын хөдөлгөөнд оролцож буй нь 600 000-д хүрсэн. Энэ бүхний цаана зам, талбай, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, шугам хоолой, цэвэр усны хангамж, инженерийн байгууламжийн ачаалал, төсөв, санхүү, хөрөнгө оруулалт, удирдлага, зохион байгуулалттай холбоотой олон хэрэгцээ, шаардлага урган гарч байгаа нь тодорхой юм. Хэт төвлөрлийг дагасан барилга байгууламжийн нягтаршлыг хязгаарлах, оновчтой зөв зохион байгуулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах хууль, эрх зүй, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг бүрдүүлэхэд энэ хууль чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Товчхондоо, эдгээр асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг, боломжийг бүрдүүлж өгнө. Нийслэл хот стандарт, дүрэмтэй болно. Хотын санхүү, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог дэмжих шинэ зохицуулалт энэ хуулиар бий болно. Түүнчлэн төвлөрлийг сааруулах, нэг төвтэй хотоос олон төвтэй хот болох, хотын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, бонд гаргах гэх мэт олон шинэ зохицуулалт хуулийн төсөлд бий.
Та бид дэлхийн томоохон, тэр дундаа хөрш зэргэлдээ орнуудын хотууд богино хугацаанд хэрхэн эрс хувьсан өөрчлөгдөж, хөгжиж байгааг харж байна. Зөвхөн БНХАУ-ын хотууд буюу орон нутгийн захиргаа 2021 оны эхний гурван сарын байдлаар 137.8 тэрбум ам.долларын бонд гаргасан. Энэ хөрөнгө нь тухайн хотын хөгжлийг урагшлуулахад маш чухал ач холбогдолтой. Хот хөгжинө гэдэг оршин суугч, иргэд нь, манай нийслэл хотын хувьд 1.5 сая хүн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах боломж нэмэгдэнэ гэсэн үг. Гагцхүү сайн засаглал, хууль, эрх зүйн орчин, улс төрийн манлайлал, хотын эдийн засгийн чадавх, боломж, бололцоог нэмэгдүүлснээр энэ боломж бүрдэнэ. Энэ боломжийг бүрдүүлэхийн тулд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулаад байна.