Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүд боомтод өнөөдрөөс ажиллаж эхэлсэн талаар өмнө нь бид мэдээлсэн. Ажлын хэсэгт ТЕГ, АТГ, ЦЕГ зэрэг хууль, хүчний байгууллагууд багтсан. Улмаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга, тус сум дахь Авто тээврийн үндэсний төвийн дарга, хилийн отрядын захирагч, замын цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтан гээд зургаан хүнийг прокурорын зөвшөөрлөөр хойшлуулашгүйгээр баривчилж, яллагдагчаар татжээ.
Мөн Замын-Үүд суманд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч Бригадын генерал Ц.Жавхланбаатар болон Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл нарыг томилон ажиллуулахаар болсноо сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Түүнчлэн,Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг, Хилийн 0108-р ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг чөлөөлж, В.Намхайнямбууг, АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайханыг чөлөөлж, Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн дарга Ж.Сүхбаатарыг, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг чөлөөлж, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг тус тус томилжээ. Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд дэх сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн дарга, цагдаагийн хошууч, Х.Уранбаярыг чөлөөлсөн орны хүнийг нь одоогоор томилоогүй байна.