УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд нийт 3113 алба хаагч ажилладаг байна. Үүний 1528 нь нийслэлд, 1585 нь нь орон нутагт үүрэг гүйцэтгэдэг ажээ. Тэд хорих ял шийтгүүлсэн, цагдан хоригдсон, баривчлагдсан 6200, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээгээр шийтгүүлсэн 7 800, нийт 14 000 хүнд оногдуулсан ял шийтгэлийг эдлүүлэх, хяналт тавьж нийгмээс тусгаарлах ажлыг хариуцаж байна. Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан нэг шийдвэр гүйцэтгэгч 120-160 ялтан, этгээдэд хяналт тавьж байгаа нь ажлынх нь ачаалал 2-3 дахин нэмэгдсэн үзүүлэлт ажээ.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад зарим төрлийн нэмэгдэл олгодог ч тэдний тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзлээ. Ялангуяа аймгийн төвөөс алс нутагт байрладаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс нийгмийн баталгаа дордох нөхцөл үүсжээ. Үүнтэй холбоотойгоор хорих, анги байгууллагад тогтвортой ажиллах албан хаагчдын тоо буурсан байна. Тухайлбал, сүүлийн гурван жилд орон нутгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжээс 360 алба хаагч өөрийн хүсэлтээр чөлөөлөгджээ. Мөн 1325 алба xaaгч шилжин томилогдох хүсэлт гаргасан байна.
Тиймээс нийслэл, аймгийн төвөөс бусад газарт тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажилласан алба хаагчдад 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг таван жил тутам олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар эхний жилд 281 хүнд олгох мөнгөн урамшилд 6.2 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Харин цаашид жил бүр 2.3 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд уг зардлын эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тооцсон байна. Уг хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь дэмжиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилчдын цалинг нэмэх нь зүйтэй гэж үзлээ.