Орчин цагийн Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 17 жилийн ойн баярыг тохиолдуулан ЗХЖШ-ын даргын тушаалаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, тус газрын Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Цогбадрах, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайхан нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо. ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг шинэхэн хурандаа нарт "Эрхэм сайхан цолныхоо эзэн нь болж гялалзаарай. Эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэж, гал усны гашуун зовлон, гамшгийн аюулыг цаг ямагт сөрөн тэмцэж байдаг та бүхэн болон хамт олонд нь өндөр амжилт хүсье" гэлээ. Мөн энэ үеэр дэслэгч генерал Д.Ганзориг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нарын албаныханд "Зэвсэгт хүчин 100 жил" хүндэт медалийг гардуулан өгч, хамтын ажиллагааныхаа чиглэлээр санал солилцсон юм.
Эх сурвалж: ЗХЖШ