Хөгжлийн бэрхшээлтэй залуусын мэдээлэл, технологийн “Дэлхийн сорилт 2021” тэмцээнд манай улсын залуус оролцож байна. Тодруулбал, БНСУ-ын Rehabilitation International Korea болон LG корпорацаас зохион байгуулдаг Хөгжлийн бэрхшээлтэй залуусын мэдээлэл, технологийн “Дэлхийн сорилт-2021” тэмцээний урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсын тамирчид цахимаар амжилттай оролцжээ. Хөгжлийн бэрхшээлтэй залуусын мэдээлэл, технологийн Дэлхийн сорилт тэмцээн нь 10 жилийн өмнөөс жил бүр олон улсын түвшинд зохион байгуулагдаж ирсэн. Гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглах чадварыг дээшлүүлэх, тэдний чадавхыг бэхжүүлэх ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг өрсөлдөх чадвартай боловсон хүчнээр өсөхөд нь туслах, тэдэнд нийгэмд бүрэн дүүрэн оролцож бүхий л түвшинд бусадтай адил тэгшээр бүрэн хамрагдах боломжийг олгох зорилготой юм. Монгол улс 2016 оноос хойш тус тэмцээнд удаа дараа амжилттай оролцож байсан бөгөөд өнгөрсөн жил цар тахлын улмаас тэмцээн цуцлагдаж, энэ жил дэлхий даяар анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй залуусын мэдээлэл, технологийн Дэлхийн сорилт-2021” тэмцээнийг “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв ТББ”, “Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв” “Мэдээлэл, технологийн үндэсний парк” хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсад дөрөв дэх жилдээ зохион байгуулж хот хөдөөгийн 23 хүртэлх насны 7 залуу оролцож байна.