БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS энхийг дэмжих ажиллагаанд “Юнити” секторын Парианг, Жам жанг сууринд Монгол Улсын Зэвсэгт хүчний Х ээлжийн цэргийн багийн тодорхой тооны бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж буй. “Юнити” секторын командлагч бригадын генерал ДМ Шамим Камал “Юнити” секторын командлагчаар томилогдсоноос хойш анх удаагаа Парианг, Жам жанг сууринд байрлах Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн “Арвай”, “Дельта” баазуудад ажлын айлчлал хийж, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлттэй танилцлаа.
Түүний айлчлалын бүрэлдэхүүнд цэргийн багийн захирагч, хурандаа Д.Энхбаатар болон НҮБ-ын ажиглагч офицерууд, албаны бусад бүрэлдэхүүн багтсан юм. Цэргийн багийн хүндэт харуул “Юнити” секторын командлагч бригадын генерал ДМ Шамим Камалыг угтан авч хүндэтгэл үзүүлсний дараагаар үүрэг гүйцэтгэлт, эргүүл цуваа, харуул, хамгаалалт, хариуцлагын бүс дэх цагийн байдал, “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээг танилцуулан, холбогдох үүрэг даалгавар авлаа.
Мөн айлчлалын бүрэлдэхүүн Жам Жанг сууринд үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж цаг үеийн асуудлаар санал солилцож, үүсээд буй нөхцөл байдалд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав. Энэхүү уулзалтын үеэр олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын удирдлагууд Жам жанг сууринд цагийн байдал тогтворгүй, халдлага дайралт, гэмт хэргийн гаралт тасрахгүй байгаа гэдгийг мэдээлээд 2021 оны 04 сарын 27-ны өдөр бидний үйл ажиллагаа явуулдаг бааз руу орон нутгийн иргэд гэнэтийн халдлага үйлдэх үед богино хугацаанд цагийн байдлыг намжаахад мэргэжлийн ур чадвар гарган, ажилчдын аюулгүй байдлын хангасанд Монголын батальоны бие бүрэлдэхүүнд хандан гүн талархаж байгаагаа илэрхийллээ.
Үүний хариуд “Юнити” секторын командлагч, бригадын генерал Шамим Камал цаашид үүсэж болзошгүй гэнэтийн халдлага, дайралтын үед та бүхний аюулгүй байдлыг хангахад Жам Жанг сууринд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын батальоны цэргийн алба хаагчид чухал үүрэгтэй. Болж өнгөрсөн цагийн байдалд түргэн хугацаанд, шаардлагатай арга хэмжээ авч ажилласан нь НҮБ-ын энхийг сахиулагчдын нэр хүндийг өндөрт өргөсөн явдал байлаа. Цаашид тус суурины аюулгүй байдалтай холбоотой асуудлыг цаг алдалгүй Монголын батальоны цэргийн алба хаагчдад мэдэгдэж байхыг хүслээ.