Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн судалгааны арга зүйч, багш, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Ч.Нямсүрэн “Эрх зүйн ерөнхий онол” номынхоо “Оюуны өмчийн газрын зохиогчийн эзэмших эрхийн гэрчилгээ”-г Их сургуульдаа гардуулан өгөх хүндэтгэлийн үйл ажиллагаа өчигдөр /2021.06.17/боллоо. Энэ үеэр мөн доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Ч.Нямсүрэнгийн бүтээлийн үзэсгэлэнг дэлгэсэн юм. “Эрх зүйн ерөнхий онол” бүтээл нь дэлхийн эрх зүйн бүлүүдийн тэргүүлэх үзэл санааг нэгтгэсэн интератив хандлагыг тусгасан хоёр дахь бүтээл. 1995, 1997, 2001, 2004, 2010 онд хэвлэсэн эрх зүй, төрийн ерөнхий онолын сурах бичгүүдийн үргэлжлэл бөгөөд англо-саксоны болон роман- германы эрх зүйт улс орнуудын эрдэмтэн мэргэдийн бүтээлүүдийн шинэ мэдээллээр баяжуулснаараа онцлогтой. Эрх зүйн ерөнхий онолыг хууль зүйн шинжлэх ухааны онолын ойлголт, эрх зүйн ухамсар, эрх зүйн хэлбэр, эрх зүйн харилцаа, хүн төрөлхтний нийтлэг асуудал ба эрх зүй гэсэн үндсэн 5 бүлэгтэй ном юм.
Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Ч.Нямсүрэн:
“Би 1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургуулийн Мөрдөн байцаах албаны тэнхимд анх багшаар томилогдон ажиллаж байсан. Тэр цагаас хойш миний ажил, амьдрал Дотоод хэргийн их сургуультайгаа холбогдон өнөөдрийг хүрлээ. Мөн Цагдаагийн ерөнхий газар, Улсын дээд шүүх зэрэг байгууллагад ажиллаж байсан. Өнөөдөр би өөрийнхөө бичсэн номыг сургуульдаа өмчлөх, захиран зарцуулах эрхтэйгээр “Оюуны өмчийн гэрчилгээ”-г шилжүүлж байгаадаа баяртай байна. Энэ номоо би 1995 онд анх бичсэн юм. Энэ сургуулиасаа сонсогч, офицер, тэнхимийн эрхлэгч, эрдэмтэн, доктор, профессор болсон. Би гадаадын их, дээд сургуулиудын жишгээр өөрийнхөө зохиосон ном бүтээлийг багшилж байгаа сургуульдаа шилжүүлж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн босгон дээр сургуульдаа бэлэг барьж байна. Удахгүй сургуулийн маань 90 жилийн ой тохионо. Энэ үйл явдлаар дамжуулан бусад эрдэмтэн багш нартаа жишиг болохын зэрэгцээ шавь нар маань номноос минь эрдмийн ихийг сураарай гэж хүсэн ерөөе” хэмээсэн.
Хүндэтгэлийн үйл ажиллагааг тохиолдуудан ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар :
Дотоод хэргийн болон аюулгүй байдлыг хангах салбарын ирээдүй болсон залуу үеийг мэдлэг, боловсролтой, зөв хүмүүжил, ёс суртахуунтай, эрүүл чийрэг бие бялдартай, эх оронч, үндэсний бахархалтай Монгол төрийн шилдэг ажилтан болгон бэлтгэх үйлсэд хүч, оюунаа харамгүй зориулан ажиллаж буй эрдэмтэн багш Та бүхний хувь нэмрийг бид ямагт өндрөөр үнэлдэг билээ. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, улсын хил, хилийн аюулгүй байдлыг хангах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гамшигтай тэмцэх, авран хамгаалах, шинжлэн магадлах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг биелүүлэх мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх үйлсэд хичээл, зүтгэл онцгой үүрэгтэй ажиллахын зэрэгцээ эрдэмтэн судлаач та бидний түүчээ болж өнөөдөр Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн судалгааны арга зүйч-багш, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Ч.Нямсүрэн оюуны хүч хөдөлмөрийн үр шимийн бүтээл болсон “Эрх зүйн ерөнхий онол” номынхоо зохиогчийн эрхийг эзэмших гэрчилгээг төрөлх Их сургуульдаа хүлээлгэн өгч байгаад эрдмийн хамт олон бид баяртай байна. Нарт хорвоод эгнэшгүй нандин сайхан мэргэжлийн эзэн болсон эрхэм БАГШ танд чин сэтгэлийн халуун мэндчилгээг дахин өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэж хэлсэн юм.