Британийн Кардифф хотод дуурийн дуулаачдын олон улсын А зэрэглэлийн “BBC Cardiff singer of the world-2021” уралдаан эхэлсэн. Дэлхийн өнцөг булан бүрээс өрсөлдсөн олон зуун дуучнаас тунаж, шилдгээр тодорсон 16 уран бүтээлч энэ сарын 19 хүртэл шат шатанд уралдан, хэн болохоо шалгуулна. Тэдний нэг нь манай улсаас оролцож буй дуурийн гоцлооч, Гавьяат жүжигчин Э.Анхбаяр юм. Тэрбээр Австри болон Венесуэлийн сопрано, БНХАУ-ын тенор хоолойт дуучинтай нэгэн хэсэгт дуулахаар хуваарилагдсан бөгөөд маргааш тайзнаа гарна. Э.Анхбаяр суут хөгжмийн зохиолч С.Рахманинов, Р.Шуман, И.Штраус, П.Чайковский нарын бүтээлийг эхний шатанд дуулахаар сонгожээ. Түүнтэй гадаадын төгөлдөр хуурч хамсран тоглох аж. Дуучин уралдаанд бэлтгэж, удаан хугацаанд хамтран ажилласан төгөлдөр хуурч, ДБЭТ-ын концертмейстер Э.Намуунтай явахаар зэхсэн ч зардлаас болоод чадаагүй. Ташрамд дуулгахад, Э.Анхбаярыг Кардиффт очих хөрөнгө зардлаа шийдэхэд нь түүний фэнүүд, тэр дундаа өв соёлыг дэлгэрүүлэн түгээгч “Таван нүдэн” брэнд, ОХУ, БНХАУ-д соёлын элчээр ажилладаг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдинсүрэн нар дэмжлэг үзүүлсэн билээ.
Бэлтгэсэн: Р.Оюунаа