Өнгөрсөн гуравдугаар сард олон улсын археологичид Сөнөсөн тэнгисийн 12 дахь агуйг илрүүлсэн нь том үйл явдал байлаа. Тэрхүү газраас сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд анх удаа судрын гар бичмэл олсон нь ч энэ салбарын түүхэнд том нээлт болжээ. Өмнө нь 1947 онд Сөнөсөн тэнгисийн 11 дэх агуйгаас ийм гар бичмэлийг нэгэн малчин хонио хайж яваад санамсаргүй илрүүлсэн бөгөөд эрдэмтдийн тогтоосноор МЭӨ IV-II зууных бөгөөд шинжлэх ухаанд Кумраны гар бичмэл хэмээн бүртгэн авчээ. Кумран гэдэг нь Сөнөсөн тэнгисээс холгүй оршдог эртний тосгон.12 дахь агуйд байсан уг олдвор Кумраны судрын нэг хэсэг аж. Ер нь Сөнөсөн тэнгисийн орчмоос тодруулбал, Кумран, Масад, Вади-Мураббаат, Хирбет-Мирд зэрэг газраас илрүүлсэн түүхэн бичвэр, ном судруудыг бүхэлд нь Кумраны судар гэдэг. Дээр дурдсан агуй болон бусад олдворыг санамсаргүй илрүүлээгүй. 2017 онд Иерусалимын Үндэсний өвийн яам, Археологийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр Израилийн эртний эдлэлийн газрын археологчид Иудейн цөлд эхлүүлсэн судалгааны хүрээнд тэр хавийн агуй, гуу, жалга бүрийг самнаж, эртний түүхийн гэрч болсон эд зүйлсийг илрүүлэхээр зорьж байгаа бөгөөд ингэснээр түүх, соёлын эртний үнэт өв, баримтуудыг тонуулчдаас авран, хамгаалах зорилготой юм байна. Өнгөрсөн хугацаанд тус цөлийн 80 орчим километр газарт эрэл хайгуул хийгээд буй аж. Хөл хүрэхэд хэцүү газруудад археологичид нисгэгчгүй онгоц ашиглан, тандалт явуулж байна. Энэхүү төслийн хүрээнд одоогийн байдлаар Кумраны судрын 24 хуудас гар бичмэл олж, судалж буй гэнэ. Эдгээрийг грек хэлээр бичсэн боловч бурхдын нэрийг еврей цагаан толгойн үсгээр тэмдэглэсэн аж.
Тэгвэл Нидерландын Гронингений их сургуулийн судлаачид Израилийн Иудейн цөл дэх Сөнөсөн тэнгисийн агуйнуудаас илрүүлсэн Кумраны судар, бичмэлүүдийг хэдэн хүн бичсэнийг тодорхойлох арга боловсруулснаа мэдээлсэн байна. Програм хангамжийн инженерүүд, шашин, судар судлаачидтай хамтран боловсруулсан уг аргачлалын дүнгээр бол Кумраны гар бичмэлүүд нэг хүний бүтээл аж. Гэхдээ үүнийг бичихэд ижил төстэй бичдэг хоёр хүн оролцсон байх магадлалтай гэж үзэх судлаачид байгаа гэнэ. Юутай ч эртний гар бичмэлүүд дэх үсгүүдийг алгоритмын аргаар ялган, оролцсон бүтээгчийг нь тогтоох боломж нээгдэж байгаа нь бас нэгэн амжилт юм байна.
Энэ тухай мэдээллийг түр орхиод Сөнөсөн тэнгисийн 12 дахь агуйгаас илрүүлсэн, “анх удаа” гэсэн тодотголтой онцлог нэгэн олдворын талаар өгүүлье. Энэ нь хүүхдийн муми буюу занданшуулсан шарил бөгөөд агуйд байсан гар бичмэлүүдтэй ямар нэгэн холбоогүй, түүхийн өөр цаг үед хамааралтай. Судлаачдын тогтоосноор, энэ цагт “ирсэн” 6-12 настай охин барагцаагаар 6000 жилийн өмнө нартыг орхижээ. Түүний цогцсыг зориуд занданшуулаагүй, олсны ургамлаар нэхсэн даавуугаар ороож, хөнжлөөр хучаад агуйд оршоосон нь цаг хугацааны явцад хатсан аж.
- Ташрамд өгүүлэхэд, археологийн арвин үүц нутаг болсон Израилийн Иудейн цөл дэх Сөнөсөн тэнгис хэмээх, эртний галавын тэнгисийн үлдэц болох нуурын талаар товчхон мэдээлэл бэлтгэлээ. Еврей хэлээр Давст тэнгис, арабаар Сөнөсөн тэнгис хэмээгддэг нуурын урт нь 67, өргөн нь 18 км бөгөөд Израил, Иордан, Палестины нутаг дэвсгэрт дамнан оршдог. Дэлхийн хамгийн нам дор цэг дэх нуур гэдгээрээ онцлог. Тодруулбал, далайн түвшнээс доош 420 метрт байрладаг. Түүнчлэн 330 метр гүн Сөнөсөн тэнгис энэ үзүүлэлтээр дэлхийд хамгийн эхэнд эрэмбэлэгддэг. Өөр нэг онцлог нь саяхныг хүртэл дэлхийн хамгийн шорвогт тооцогддог байв. Давсжилтын хэмжээ нь 30 хувь аж. Энэ нь далайн усны давсны хэмжээнээс 8.6 дахин их, Газар дундын тэнгисийнхээс ес дахин өндөр үзүүлэлт юм байна. Дэлхийн хамгийн “гашуун” нуур болох, Африкийн зүүн хэсэгт орших Ассалын дасвжилтын хэмжээ 35 хувь. Давсны агууламж ийм өндөр тул загас, ургамал байх боломжгүй учраас Сөнөсөн тэнгис хэмээжээ. Гэхдээ бусад нуур, далай, тэнгис, гол руу урсдаггүй энэхүү “битүү” нуурын ёроолд, тогоонуудаас нь бактери илрүүлсэн нь бас нэгэн гайхамшиг.
Шавар нь, анагаах онцгой шинж чанартай тус нуурт цэнгэг уст Иордан гол цутгадаг. Сөнөсөн тэнгисийн усны эрдэсжилт жил бүр нэмэгдэж, буурч өөрчлөгддаг бөгөөд дунджаар 260-310 хувиар хэлбэлздэг бол Газар дундын тэнгисийнх 40 хувьтай байдаг гэнэ. Тус нуурын эрэг дээр наранд “цохиулах”, арьс түлэгдэх асуудал гардаггүй нь байршилтай холбоотой гэнэ. Тэр орчимд нарны хэт ягаан туяанаас хамгаалсан байгалийн гурван давхар хамгаалалттай болохыг судлаачид тогтоожээ. Ийм өвөрмөц шинж чанартай цорын ганц газар юм байна.
Дулаан дамжуулалт болон усны массаас шалтгаалан Сөнөсөн тэнгисийн усны температур агаарынхаас тэс өөр байдаг. Өөрөөр хэлбэл, зуны улиралд агаараас үл хамааран хүйтэн бол өвөл бүлээн байдаг нь бас л хачирхалтай үзэгдэл. Мөн усны нягтрал их тул хүн, амьтан аврах ямар нэгэн хэрэгсэлгүйгээр хөвөх боломжтой.
Ийм гайхамшигтай нуурын усны түвшин жил тутамд доошилсоор байгаа нь олон улсын судлаачдын сэтгэлийг зовоож буй. Сөнөсөн тэнгисийг аврахаар Йордан, Израилийн эрх баригчид түншлэлийн гэрээ байгуулсан бөгөөд үүний дагуу Улаан тэнгисийн усыг нуур руу цутгадаг болгохоор арга хайж байгаа аж.
Бэлтгэсэн: Э.Хана