Эрүүл мэндийн шалтгаантай, тусгаарлагдсан, коронавирусийн халдвараар өвчилсөн, баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч болон дайчилгаанд оролцож буй цэргийн алба хаагч нар зөөврийн хайрцгаар санал өгөх эрхтэй. Гэхдээ тэд харьяа байгууллагын, эсвэл эмчийн тодорхойлолтын хамт зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлтээ энэ сарын 5-ны дотор хэсгийн хороондоо хүргүүлсэн байх ёстой. Харин хэсгийн хорооны итгэмжлэгдсэн ажилтан сонгогчийн уг хүсэлтийг нягтлан, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах хуваарь, чиглэлийг батална. Ингэснээр хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн уг хуваарийн дагуу явж, сонгогчдоос иргэний үнэмлэхийг нь шалгасны үндсэн дээр санал авах юм. Хэрэв сонгогч өөрийн бүртгүүлсэн хаягтаа, урьдчилан мэдэгдсэн цагт байхгүй тохиолдолд саналыг нь авахгүй, дараагийн чиглэл рүү явна. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үед тухайн сонгогчийн гэр бүлийн гишүүн, хамт эмчлүүлж буй хүнд өвчтөн, сонгуулийн ажиглагч, цагдаагийн алба хаагч тэнд байлцахыг хуулиар зөвшөөрдөг.
Санал авах ажиллагаа өнөөдөр 09.00-20.00 цагт үргэлжлэх бөгөөд саналын хуудсыг битүүмжилсэн хайрцагт хийж, маргааш 07.00 цагаас эхлэн “хар машин”-д уншуулах юм. 2020 оны УИХ-ын сонгуулиар 19, орон нутгийн сонгуулиар 20 мянга гаруй иргэн зөөврийн хайрцгаар санал өгч байв. Тухайн үед тусгаарлагдсан болон коронавирусийн халдвараар эмчлүүлж буй иргэдээс очиж, санал аваагүй. Харин энэ удаагийн сонгуулиар тэднээс санал авах бөгөөд зөөврийн хайрцгаар хэчнээн иргэн санал өгөхөөр бүртгүүлсэн нь маргаашаас тодорхой болох аж. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд байгуулсан 2087 хэсгийн хорооны 16 750 ажилтан Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажиллагааг маргааш 07.00-22.00 цагт зохион байгуулна. Сонгогчийн нэрийн жагсаалтад 2 167 942 иргэн бүртгэгдсэн. Үүнээс 7398 нь гадаадад байгаа иргэд бөгөөд тэдний 76 хувь нь өнгөрсөн сарын 30, 31-нд саналаа өгсөн билээ. Гадаадад байгаа иргэдийн саналын хуудсыг маргааш 22.00 цагаас эхлэн сонгуулийн автоматжуулсан системд уншуулна. Саналаа өгсөн иргэний хуруунд бэхэн тэмдэглэгээ хийх бөгөөд сонгуулийн бүх хэсгийн хороонд хяналтын тооллого хийхээр хуульчилсан юм.
Бэлтгэсэн: Б.Нандин