Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид албан ёсны сурталчилгаагаа өнгөрсөн тавдугаар сарын 24-нд эхлүүлсэн. Өнөөдөр 23.59 цагаас өмнө тэд сурталчилгаагаа зогсоох учиртай. “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авсан тул эмнэлэгт эмчлүүлж, сурталчилгаагаа цахимаар үргэлжлүүлэхээ уржигдар мэдэгдсэн юм. Мөн дараа нь коронавирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдэж буй учир МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх уулзалт, цуглаан хийхээ зогсоож, сурталчилгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр явуулахыг сонгуулийн штабаас нь мэдээлэв. Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ уулзалт, цуглаанаа өчигдөр үргэлжлүүлж байлаа. Нэр дэвшигчдийн дунд өнөөдөр халз мэтгэлцээн зохион байгуулахаар МҮОНРТ бэлтгэж буй. 15 хоногийн хугацаанд тэд хаагуур явж, сурталчилгаагаа хэрхэн үргэлжлүүлснийг тоймлон хүргэе.
21 АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ДОЛООН ДҮҮРГИЙНХЭНТЭЙ УУЛЗАЖ АМЖЖЭЭ
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх сурталчилгаагаа тавдугаар сарын 24-нд нээсний дараа Хэнтий аймгийг зорьж, уулзалтаа өөрийн сонгогдсон тойргоосоо эхлүүлсэн. Тэрбээр “Хууль бус үйлдлийг таслан зогсооно. Хүн биш, хууль засагладаг улсыг бий болгоно. Байгалийн баялгийг ард иргэддээ ижил, тэгш хүртээнэ. Гадаад харилцааны бодлого нь Төрийн тэргүүний гол ажлын нэг. Хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төрийг бий болгоход анхаарч ажиллана. Хүчирхэг эдийн засагтай Монгол Улсыг бий болгоно. Төмөр зам бол улсын хөгжил дэвшил. Өнөөдөр монголчууд өөрсдөө төмөр замаа барьж байгаа. Би мөрийн хөтөлбөртөө “Мянганы төмөр зам”-ын талаар тусгасан. АНУ 250, БНХАУ 142 мянган км төмөр замтай. Монгол Улс 2000 км төмөр замтай. Дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хоёр хөршдөө экспортлох учиртай. Зэс, ган, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох зорилт дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар яах аргагүй чухал. Төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа. Ойрын 4-12 жилд боловсруулах үйлдвэрүүдээ барьж дуусгана. Тухайлбал, Дархан-Уул аймагт арьс, ширний үйлдвэр барьж байгаа. Хоёр жилийн дараа бид ноолуур, арьс, ширээ түүхийгээр нь биш, боловсруулаад бүтээгдэхүүн болгож, экспортолно. Хэнтий аймаг аялал жуулчлалын бүс нутаг. Байгалийн үзэсгэлэнт газраа бусдад таниулж, аялал жуулчлалаа хөгжүүлэх нь төрийн бодлого. Эцэст нь хэлэхэд, иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг хийнэ. Соёлын яамтай боллоо. Үндэсний өв соёлыг харуулсан олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж Хэнтийн иргэдэд танилцуулсан. Тэрбээр зургадугаар сарын 4 гэхэд 21 аймаг, нийслэлийн долоон дүүргийн сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан бол Багануур, Налайх дүүрэгт очиж амжсангүй. Мөн үүний зэрэгцээ соёл урлагийн салбарынхантай уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулжээ. Чингэлтэй дүүргийн иргэд, сонгогчидтой нэр дэвшигч У.Хүрэлсүх уулзах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ очиж, улс төрийн тогтвортой байдлыг бий болгож, ҮАБЗ-ийн гишүүд хөгжлийн бодлогоо “нэг цонх”-оор харж, хамтран ажиллах боломж олгохыг хүсэж буйгаа хэлсэн юм. Сонгуулийн сурталчилгаатай давхцан УИХ өмнөх долоо хоногт хуралдаагүй, гишүүд тойрогтоо ажиллаж, шагнал гардуулан, нэр дэвшигчийг дэмжихийг уриалж байв.
СУРТАЛЧИЛГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дахь Ялалтын талбайд сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсний маргааш Хэнтий аймгийг зорьсон. Тэрбээр 12 аймаг, нийслэлийн найман дүүргийн иргэд, сонгогчидтой уулзаж амжаад буй аж. Очиж чадаагүй аймгуудын иргэдэд зориулан тэрбээр мэндчилгээ дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан, цахим сүлжээгээр түгээжээ. Мөн цар тахлын үед олон хүн цуглуулахгүй байх үүднээс орон нутгийн телевизүүдэд хуульд заасан хугацаа буюу 15 минутад багтаан ярилцлага өгч, сурталчилгаагаа явуулсан байна. Нэр дэвшигч С.Эрдэнэ Баянгол дүүргийнхэнтэй уулзах үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа оролцож, түүнийг 70 гаруй хууль санаачилж, 41-ийг нь батлуулсан бөгөөд эдгээр нь хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэснийг онцолсон юм. Баянзүрх дүүргийнхэнтэй нэр дэвшигч С.Эрдэнэ өчигдөр уулзахдаа “Хувь хүний, эдийн засгийн, улс төрийн эрх чөлөөтэй, ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч байхаар энэхүү сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Өнөөдөр Монголд нийгэм, эдийн засаг, улс төрийн дарангуйлал хэвийн үзэгдэл болсон. Хэн нэгэн эрх мэдэлтэнтэй танил биш л бол өөрийн ажил, үйлчилгээгээ эрх чөлөөтэй явуулах боломжгүй байна. Төв талбайд иргэн нь өөрийгөө шатааж байхад Монголын төр цочихоо больжээ. Цар тахлаар олон хүн өвдөж, амь насаа алдаж байхад Монголын төр тоохгүй нь. Болохгүй байгаа бүхнийг ард түмэнд ердийн л зүйл мэт ойлгуулж байна. Монголчууд морин дэлэн дээрээ дураараа давхидаг, эрх чөлөөнд хайртай ардчилсан ард түмэн. Одоо бид сэрж, өөрийн эрх чөлөөгөө хамгаалж, сонголтоо зөв хийх хэрэгтэй. Хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төрийн бодлогыг бий болгох шаардлагатай. Иргэн төвтэй төрийн бодлогоос төр төвтэй төрийн бодлого руу бид “гулсаж” эхэллээ” гэдгийг онцлов.
УУЛЗАЛТУУДАА ЦУЦАЛЖ, ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАВ
“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат сонгуулийн сурталчилгаагаа нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг, Дарь-Эхээс эхлүүлж, дараа нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэд, сонгогчидтой уулзжээ. Орон нутаг дахь уулзалтаа Хөвсгөл аймгаас эхлүүлсэн тэрбээр 17 аймгийн иргэд, сонгогчидтой уулзсан бол Булган, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорноговиор очиж амжсангүй. Тиймээс эдгээр аймгийн иргэдтэй өчигдөр цахимаар уулзав. Цаг уурын нөхцөл байдал, мөн “Ковид-19”-өөр өвчилснөөс шалтгаалж зарим аймаг дахь уулзалтаа цуцалсан юм. Д.Энхбат гадаадад байгаа монголчуудтай цахимаар уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах, оройн цагаар цахим сүлжээ ашиглан лайв хийж, иргэдийн асуултад хариулах байдлаар сурталчилгаагаа явуулж байв. Тэрбээр “Энэ удаагийн сонгууль бол ээлжит нэг даргыг, эсвэл Ерөнхийлөгчийг сонгох жирийн нэг сонгууль биш. Өөрчлөлтийг авчрах сонголтын өмнө өнөөдөр бид ирээд байна. 30 жилийн өмнө олж авсан ардчиллын мөн чанарыг сэргээж, цаашдын 30 жилийнхээ замналыг сонгох сонголт юм. Та 30, эсвэл 50 жилийн дараах Монгол Улсыг ямар байна гэж төсөөлдөг вэ. Бидний мөрөөддөг, сайхан байр, машин, боловсролын сайн тогтолцоотой, цэвэрхэн гудамжтай, тийм хөгжсөн улсуудтай адил түвшинд хүрэхийн тулд юу хийх вэ. Хөгжилд хүрч чадсан жижиг орны жишээ бол Финланд. Бид 30 жилийн дараа гэхэд энэ түвшинд очихын тулд Хятадаас хурдан хөгжих хэрэгтэй. Гэтэл өнөөдөр бид ямар байна вэ. Монгол хүн бүр, өлгийтэй хүүхэд хүртэл 30 сая төгрөгийн гадаад өртэй. Хавтгайруулан тарааж байгаа халамжийн мөнгийг манай улс зээлээр авсан. Өрийг нь бидний үр хүүхдүүд төлнө. Тэгвэл ингэж амьдрахгүйн тулд, хөгжихийн төлөө бид юу хийх вэ. Бидэнд эв нэгдэл буюу монголчуудыг нэгтгэдэг мөрөөдөл хэрэгтэй. Энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд бидэнд мэдлэг, чадвар хэрэгтэй. Учир нь XXI зуун бол мэдлэг, чадвартай нь сайхан амьдардаг үе. Хүн бүрийн оролцоо бол ардчиллын суурь юм. Биднийг нэгтгэдэг нэг мөрөөдөл, түүндээ хүрэх мэдлэг, чадвар, иргэн бүрийн оролцоо чухал. Монгол инженерүүд, багш нар, залуучууд бүгд өөр өөрийн ажлаа хийж чадна” гэж байлаа.