-Төрөөс үнэ төлбөргүй үзүүлэх хууль зүйн туслалцааны эрх зүйн орчинг боловсронгүй болгох, хамрах хүрээг өргөжүүлэхээр Хууль зүйн туслалцааны тухай хууль УИХ-д өргөн барьсан. Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төвийн захирал. А.Оюунчимэгтэй ярилцлаа.
-Хууль зүйн туслалцааны тухай хууль УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор Хууль зүйн туслалцааны төв ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Хууль зүйн туслалцааны төв нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байж, эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авах, адил тэгш боломжоор хангах зорилгоор төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах чиг үүрэг бүхий байгууллага юм. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль маань 2014 оноос албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Тухайн үеэс эхлэн Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 8 дүүрэг, хүн амын нягтаршил ихтэй 2 сумыг хамруулан нийт 31 салбар 72 албан хаагчтайгаар ТЧЯҮХЗТТХуульд заасан хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээг гэсэн 2 чиг үүргийг төлбөрийн чадваргүй иргэдэд үзүүлэн ажиллаж байна.
-Тэгэхээр тухайн төвийн салбарууд маань улсын хэмжээнд бүх аймагт байдаг юм байна. Байгуулагдсан цагаасаа ер нь хэдий орчим төлбөрийн чадваргүй хүнд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлсэн бэ?
-Хууль зүйн туслалцааны төв нь ажлын алба болон салбар гэсэн нэгжтэйгээр ажилладаг. Ажлын алба нь хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, салбар буюу улсын өмгөөлөгчид нь хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг гардан хэрэгжүүлэх чиг үүрэгтэй юм. Үйл ажиллагааны тоон мэдээллээс дурдвал тус Төв нь 2014-2020 онд нийт 68194 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 18433 эрүүгийн хэргийн 20002 холбогдогчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн бөгөөд сүүлийн 3 жилийн байдлаар хууль зүйн зөвлөгөө тогтмол 30 хүртэл хувь, өмгөөллийн үйлчилгээ 5-10 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
-Их олон үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлсэн нь харагдаж байна. Жилд нэг улсын өмгөөлөгчид дунджаар хэдэн эрүүгийн хэрэг ногддог вэ?
-Нийслэл, орон нутаг дахь салбарын улсын өмгөөлөгчдийн ажлын ачаалал бол харилцан адилгүй байдаг. Нийслэлийн салбарууд ачаалал ихтэй улсын өмгөөлөгч жилдээ 100 орчим хэрэгт, ачаалал харьцангуй бага салбарын улсын өмгөөлөгч жилдээ 50-60 хэрэгт буюу дундажлаад үзвэл нийслэлийн салбарын улсын өмгөөлөгчид жилдээ 65-70 орчим хэрэгт өмгөөлөгчөөр оролцон ажилладаг. Харин орон нутаг дахь салбарын улсын өмгөөлөгчид маань дунджаар 40-50 эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалан ажилладаг.
-Хууль зүйн туслалцаа хүссэн иргэнийг төлбөрийн чадваргүй гэдгийг хэрхэн тогтоодог вэ?
-ТЧЯҮХЗТТХуулийн 7 дугаар зүйлд тухайн хүсэлт гаргагч нь Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн, Мөн тухайн нэгдсэн санд бүртгэлгүй боловч ядуурлын шугамаас доогуур орлоготой болохоо өөрөө тодорхойлсон хүн байхыг заасан. Иймд боломжтой бол тухайн иргэн өөрийн оршин сууж байгаа дүүрэг, хороо, сум, багийн хөдөлмөр, халамжийн ажилтанд хандаж дээр дурдсан амьжиргааны түвшний тодорхойлолтыг авч, мөн өөрийн харьяалах төвийн салбарт хандаж болно. Тухайн тодорхойлолтыг хөдөлмөр, халамжийн ажилтнаас авах боломжгүй тохиолдолд өөрийн харьяалах хууль зүйн туслалцааны төвийн салбарт хандаж амьжиргааны мэдээллээ харуулах бас нэг боломж бий болгосон. Энэ нь ямар учиртай вэ гэхээр 2019 онд Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газартай хамтран ажиллах гэрээ байгуулж “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-гийн программыг ашиглан иргэний амьжиргааны түвшингийн тодорхойлолтыг өөрийн байгууллагаас шууд нэвтрэн, мэдээллийг шүүх эрхийг төвийн зохих албан хаагчид олгосон байгаа. Дээрх шалгуур маань эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа иргэнд хамааралтай ба хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл авах хүсэлтэй иргэдэд ямар нэг шалгуур тавилгүй нээлттэй байдлаар үйлчилж байна.
-Эрх зүйн орчныг боловсронгуй болгож хамрах хүрээг өргөжүүлэхээр ТЧЯҮХЗТТХуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж байгаатай холбоотойгоор иргэд олон нийтэд мэдээлэл өгөөч. Үүнийгээ дагаад дээрх ажлын ачаалал улам өсөхгүй юу? Энэ талаар.
- Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулсан бөгөөд хуулийн төсөлд одоо байгаа хууль зүйн туслалцааны тогтолцоог хэвээр үлдээхийн сацуу хуулийн төслийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагын үүднээс зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан. Хамрах хүрээний тухайд төрөөс үнэ төлбөргүй үзүүлж буй хууль зүйн үйлчилгээг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүй, Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэг /хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг/, 16 дугаар бүлэг /хүүхдийн эсрэг гэмт хэрэг/-т заасан гэмт хэргийн арван найман насанд хүрээгүй хохирогч, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, 13.1 дүгээр зүйл /хүн худалдаалах/-т заасан гэмт хэргийн төлбөрийн чадваргүй хохирогч, эсхүл хохирогч хүүхэд, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон газар өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн төлбөрийн чадваргүй оролцогч, түүнчлэн гэмт хэргийн гэрч хүүхэд, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл /гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих/, 6.20 дугаар зүйл /хүүхдийн эрхийг зөрчих/-д заасан зөрчлийн улмаас эрх нь зөрчигдсөн болон Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан эрсдэлт нөхцөлд буй хүүхдэд мөн үзүүлэхээр тогтоож, хамрах хүрээг өргөжүүлэн тусгаад байна.
Орон тоо, ажлын ачааллын тухайд гэвэл Хууль зүйн туслалцааны төвд одоогийн байдлаар 31 салбарт 52 улсын өмгөөлөгч ажиллаж байна. Хуулийн төслөөр иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүрээ өргөжиж байгаа нь өөрөө орон тоог зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагыг үүсгэнэ. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын өмгөөлөгчийн орон тоог жил бүр 50 орон тоогоор нэмэгдүүлэхээр тусгасан. Мөн төлбөрийн чадваргүй үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон ажиллаж буй нийт улсын өмгөөлөгчдийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг дээрдүүлэх, статусыг тодорхой болгох талаар зохицуулалтыг тусгасан.