Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын тэргүүний рот /батарей/, салааны захирагч нарын зөвлөгөөн өнөөдрөөс эхэллээ. Зөвлөгөөн ЗХЖШ-ын Холбоо, мэдээлэл технологийн хэлтсийн дарга, хурандаа М.Золзаяагийн "Холбоо мэдээллийн дэвшилтэт технологид суурилсан цэргийн сургалт” лекцээр эхэлсэн бөгөөд энэ өдөр онолын хичээл сургалтаар, маргааш дадлагын үзүүлэх сургууль, цэргийн албаны бичиг баримт боловсруулалт сэдвээр үргэлжлэх юм. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн салаа, салбарын офицеруудын биеэр үлгэрлэх, бусдыг чиглүүлэх, үүссэн хүндрэл бэрхшээлийг тодорхойлон түүнийг даван гарах, захирагдагсадаа зоригжуулах, тэднийг нэгтгэн удирдах арга барил, ур чадварыг нэмэгдүүлэхэд арга хэмжээ чиглэж буй.
Зөвлөгөөнд оролцогчдод Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг нар өнөөдөр үүрэг, чиглэл өгнө. Уг зөвлөгөөнийг цар тахлын халдвараас сэргийлэх хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан явуулж байгаагаа ЗХЖШ-аас тодотгосон юм.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэ үеэр "Монгол Улсын цэргийн насны эрчүүдийн тодорхой хувь Зэвсэгт хүчин болон бусад төрийн цэргийн байгууллагад хугацаат цэргийн албыг хааж байна. Цэргийн албыг хаахаар ирсэн залуусыг ирээдүйдээ итгэх итгэлтэй, зөв хүмүүжил төлөвшилтэй, бие бялдар, сэтгэл зүйн хаттай болгон төлөвшүүлэхэд салаа, ротын захирагч нар хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Салаа, ротын захирагч гэдэг бол цэрэгт татагдсан залуучуудын дарга, багш, аав, ах нь байх ёстой. Эдгээр залуус Зэвсэгт хүчинд албаа хаагаад халагдахдаа эх оронч үзэл, хүмүүжлээр хүмүүжих, цэргийн бага мэргэжил эзэмшиж, аливаа нөхцөл байдлыг үнэлэх, түүнд тохирсон шийдвэр гаргах, захирах захирагдах ёс, хувийн хариуцлага, дэг журам, сахилга бат, ажил хэрэгч, зарчимч чанар, соёл, ёс зүйд суралцсан бүтээгч Монгол эр хүн болж төлөвших хүмүүжлийг албанаас олж авдаг гэж би ойлгодог. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хүүхэд, залуусын хүмүүжлийн түвшин ямар байгаа вэ гэдэгт хүн бүр өөр өөрийн дүгнэлт гаргах нь мэдээжийн хэрэг. Энэ бүхэнд мэдрэмжтэй байж, ухаалгаар хандах хэрэгтэй. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөх явдал бол өөрийнхөө нэр төрийг цэвэр, ариун байлгахаас эхлэнэ гэдгийг та бүхэн ухамсарлах нь чухал юм. Мэдээж Зэвсэгт хүчин бол онцлогтой салбар. Хугацаат цэргийн алба хаагчид, залуу офицер, ахлагч нарын зан төлөв, ар гэрийн байдал, амьдрал ахуй, боловсрол, мэдлэг, бие бялдар нь ямар түвшинд байгааг нэн тэргүүнд судлах шаардлага удирдлагууд бидний өмнө үүсэж байна. Ер нь ямар ч байгууллагад хамт олны халуун дулаан уур амьсгал, гар нийлсэн үйл ажиллагаа, багаар ажиллах чадвар гэдэг хамгийн чухал зүйл. Манай Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд үүндээ байнга дүгнэлт хийж байх ёстой. Зэвсэгт хүчин гэдэг үнэхээр өчүүхэн ч хир халдааж боломгүй газар. Энэ сайхан албандаа хугацаат цэргийн алба хаасан нь амьдралын минь бахархал юм" хэмээжээ.
Сүүлийн жилүүдэд офицер, ахлагч нарыг бэлтгэдэг сургалтын тогтолцоо тааруу болсон нь зарим гашуун жишээнээс мэдрэгддэг. Тийм учраас офицерын дөрвөн жилийн академик сургалтыг ирэх жилээс эхлүүлэхээр болжээ. Улмаар заавал академик сургалт төгссөн хүнийг хүнтэй ажилладаг албан тушаалд томилдог тогтолцоонд шилжих аж.
"