ОХУ-ын уран бүтээлчид сансарт кино бүтээхээр төлөвлөжээ. Тодруулбал, тус улсын сансар судлалын “Роскосмос” агентлаг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр сансарт “Challenge” нэртэй шинэ кино бүтээх гэж буйгаа зарласан байна. Тус киноны гол дүрд Юлия Пересилд тоглож, Клим Шепенко найруулах гэнэ. Сонирхуулахад, киноны гол дүрд тоглох жүжигчнийг сонгохдоо 50-70 кг жинтэй, 112 см орчим цээжний тойрогтой, нэг км замыг гурваас бага минутад гүйх чадвартай, 20 минутад 800 м сэлдэг, гурван метрийн өндрөөс чадварлаг шумбадаг байх зэрэг шалгуур тавьж, Юлия Пересилийг сонгожээ. Найруулагч, жүжигчин хоёрыг нарийн үзлэг, шалгуурт хамруулан баталгаажуулсан бөгөөд ирэх зургадугаар сарын 1-нээс тусгай бэлтгэл хийлгэж эхлэх аж. Үүнд сансарт нисэх үед тулгардаг чичиргээ, доргиог тэсвэрлэх, таталцалгүй орчинд чөлөөтэй хөдөлж, биеэ удирдах, шүхрээр буух зэрэг бэлтгэл багтсан гэнэ. Ташрамд дурдахад, АНУ-ын уран бүтээлчид мөн сансарт киноны зураг авах гэж буйгаа үзэгчдэд зарлаад буй. Тус уран бүтээлд жүжигчин Том Круз тоглох бөгөөд Даг Лиман найруулах юм. Тэд аравдугаар сарын 1-нд олон улсын сансрын станцад очихоор төлөвлөжээ.
Бэлтгэсэн: А.Тайшир