“Hi-Fi” рекордсын захирал Ц.Нацагдорж 2002 онд санаачлан зохион байгуулсан “Playtime” хөгжмийн наадам өнөө жил 20 нас хүрлээ. Тус наадмыг орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, амралт, чөлөөт цагаа цэвэр агаарт зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг хамтлаг, дуучдыг танилцуулах зорилготойгоор Гачуурт дахь “Монгол шилтгээн” цогцолборт зохион байгуулдаг. Эл наадам нь Монгол Улсад 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхэн үед дэлгэрсэн хөгжмийн шинэ урсгал, түүний төлөөлөл болсон хамтлаг, дуучид, тэдний уран бүтээлийг олонд хүргэх боломж олгосноороо онцлог юм. “The lemons”, “A sound”, “The colors”, “Моханик” гэхчлэн олон хамтлаг энэхүү наадмаас уран бүтээлийн гараагаа эхэлж, сонсогчдод танигдсан. 2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучин тус наадамд оролцон, уран бүтээлээ хүргэсний дотор АНУ, Британи, ОХУ, Япон, БНСУ, ӨМӨЗО-ы уран бүтээлчид урилгаар оролцсон байдаг. Түүнчлэн Шведийн “The radio dept”, ОХУ-ын “Муммий тролль”, Британийн “Peter hook and the lights”, “The wedding present”, АНУ-ын “The pains of being pure at heart”, Японы “Mono”, “The fin”, “Envy”, Тайванийн “Sunset rollercoaster”, Францын “Onra”, Германы “Tolouse low trax”, АНУ-ын “Yo la tengo”, Польшийн “Blazej Malinowski” зэрэг алдартай хамтлаг тус наадмын тайзан дээрээс уран бүтээлээ хүргэж байв. Өнөө жилийн наадам ирэх наймдугаар сарын 6-8-нд болно.
Бэлтгэсэн: А.Хангал