АНУ-ын Хавайн “Brigham young university”-д тайз, дэлгэцийн уран бүтээлийн зохиолч, найруулагчаар төгссөн Ч.Билгүүн бие даасан анхны уран бүтээлээ “Бэрх шагай” нэртэйгээр үзэгчдэд хүргэх гэж байна. Тэрбээр оюутан байхдаа “Hawaii five-0” цувралын гуравдугаар бүлэг, 2014 онд дэлгэцэд гарсан “Гозилла” кинонд оролцсон бол эх орондоо ирээд Монгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан “Дайчи” киноны найруулагчаар, “Эмоци” продакшны “Гурван найз: Эргэж ирсэн нь” киноны зохиолчоор, “Choi Hainzan” фильмийн “Woman”-д хоёрдугаар найруулагчаар тус тус ажиллажээ.
“Бэрх шагай” киноны зохиолыг “Болдоггүй бор өвгөн”, “Алтан шагай, Мөнгөн шагай”, “Хатан бүүвэй баатар” зэрэг монгол ардын долоон үлгэрээс сэдэвлэж бичсэн аж. Мөн киноны бүх харилцан яриаг зүйр цэцэн үгээр орлуулж, 1000-аадыг ашигласнаараа онцлог гэнэ. Зургийг нь 2020 оны зун 45 хоногийн турш авсны 80 орчим хувийг нь Булган аймгийн Хялганатад, үлдсэн хэсгийг нь Дундговь аймгийн Их газрын чулууны ойролцоо авчээ. Найруулагч Ч.Билгүүн “Бэрх шагай” бол уран зөгнөлт, үлгэрийн сэдэвтэй кино. Манайд энэ төрлийн киног сүүлийн 42 жил буюу “Бушхүүгийн үлгэр”- ээс хойш хийгээгүй. Нэгдүгээрт, миний сурсан төрөл энэ. Зөгнөлт, тэр дундаа уран зөгнөлт, шинжлэх ухааны зөгнөлт, үлгэрийн гэхчлэн төрөлд өөрөө ч их дуртай. Хоёрдугаарт, манайд мэргэжлийн Fx түвшний, тусгай эффектийн нүүр хувиргалт хийдэг ганц уран бүтээлч байдаг нь Г.Хос-Эрдэнэ. Эл найз минь ийм уран бүтээл хамтран хийх санал тавьсан юм. Бидний хийхээр хүсэж, бодож явсан зүйл нэг уран бүтээлд огтлолцсон хэрэг. Мэдээж амар байгаагүй. Хүндрэл ч байлаа. Жишээ нь, кинонд хөрөнгө оруулдаг продакшн, продюсерууд хуучинсаг байгаа нь анзаарагдсан. Шинэ туршилт хийх, ойрын жилүүдэд хийгээгүй төрлөөр кино хийх хүсэлтэй найруулагчдыг дэмждэггүй юм билээ. Азаар бид маш сайн продюсертой таарсан. Мөн энэ төрлийн киног яг л стандартын дагуу хийх ёстой. Гэтэл манайд киноны стандарт ярьдаг, мөрддөг уран бүтээлч хэр олон билээ. Жүжигчнээс энгийн биш, хэтрүүлэн тоглохыг шаардана. Нөгөө л К.С.Станиславскийн систем, жүжиглэх найман техник огт биш. Зургийн найруулгийн хувьд стандарт 33 өнцөг байх ёстой гэх мэт. Хамгийн гол нь тусгай эффектийн нүүр хувиргалт, зураачийн ажил мэргэжлийн өндөр түвшинд байх шаардлагатай. Бид энэ бүхнийг барьж ажиллахыг хичээсэн” гэв.
“Бэрх шагай” киноны Болдоггүй бор өвгөнд Гавьяат жүжигчин Б.Базаррагчаа, жүжигчин С.Сарангэрэл Шулам эмгэнд, жүжигчин, найруулагч В.Агар Муур багшид, залуу уран бүтээлч Б.Хишигбаяр Монхоодой хурганы дүрд тогложээ. Ч.Билгүүн “Гэсэр”, “Жангар”-ын туульс, монгол ардын үлгэр дэлхийд анхдагч гэж би итгэдэг. Буруу ч байж магад. Гэхдээ “Бэрх шагай”-г гадаадынханд үзүүлбэл “Монголын үлгэр бас сонин, сонирхолтой юм” гэж бодно гэдэгт найдаж байна. Нүүр улайхгүй болов уу. Харин надад Монголын үзэгчид хэрхэн хүлээж авах нь сонирхолтой санагдаж байгаа. Ухаан орох цагаасаа сонссон үлгэрийн баатруудаа дэлгэцээр яаж үзэхийг, хүлээж авахыг нь хармаар байна” гэсэн юм.