Дурласан хүндээ сэтгэлээ илэрхийлэх нь орчин цагийн олонх хүний хувьд тийм ч хэцүү зүйл биш байж болох ч зарим нэгэн “аргаа барахад” хүрдэг том “зовлон”. Зарим хүний хувьд сэтгэлээ илчлэх нь романтик сэтгэлгээгээ “дэврээх” бас нэгэн сэдэв. Тэгвэл хэдэн зууны өмнө шашин шүтлэгийн ялгаа, үүнээс үүдэлтэй үзэл суртал, зөрчилдөөн, нийгмийн давхарга, язгуур гарлын байдал гэхчлэн хүн төрөлхтөн, эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондын харилцаа харьцангуй “хаалт” ихтэй байсан үед хайрлаж, дурласан сэтгэлээ илчлэх нь дур зоргоор хандах асуудал биш байлаа. Энэ талаар хөндөж бүтээл хийсэн, ингэснээрээ нийгмээ шүүмжилсэн уран зураач олон. Сэтгэлээ илчилж буй хүмүүс зураачдын “дуранд” хэрхэн өртсөнийг харуулсан зарим бүтээлийг танилцуулъя.
Угаас хайр дурлал бол хүн төрөлхтний хувьд мөнхийн сэдэв. Сүүлийн үед дурлалыг сэтгэцийн халдварт өвчин гэж үзэх болсныг энэ ташрамд дурдахад илүүдэхгүй болов уу. Үүнээс гадна ах, эгч, дүүс, гэр бүлийн холбоо хэлхээн дэх үл ойлголцол, эсвэл нэгнээ гэсэн сэтгэлийн нандин утас бүхэн хүмүүн хоорондын харилцаа бөгөөд энэ ч гэсэн хайртай холбоотой хэлхээс билээ. Ийм нэгэн харилцаанаас үүдэлтэй гайхалтай уран бүтээлийг бид бас хүргэнэ.
ХАЙРЫГ НЬ ХҮЛЭЭН АВАХАД УХААН ХЭРЭГТЭЙ
Викторын үеийн хөрөг зургаар мэргэшсэн, У.Хогартаас хойших Британийн хамгийн алдартай зураач хэмээгддэг Уильям Пауэлл Фрейтийн энэхүү зурагт түүхэн хоёр хүнийг дүрсэлжээ. Бүсгүйд хайртай гэдгээ илчлэн ичингүйрч, сандарч, басхүү гутарч суугаа эрэгтэй нь ХVIII зууны суут яруу найрагч, сонгодог үзэл баримтлалын чиглэлээрх найргуудаараа онцгой алдартай Александр Поуп гэнэ. Түүнийг Английн “Пушкин” ч гэдэг аж. Тэрбээр нэгэн цагт дурлаж явсан эмэгтэйгээ хожим дайснаа хэмээн үзэх болсон юм. Эл зурагт уг түүхийн эхлэлийг харуулсан байна. А.Поупын сэтгэлийг юман чинээ тоолгүй тохуурхан инээх хатагтай Мэри Монтегю бол язгууртан гаралтай, исламын шашинтай улсад аялсан Европын анхны эмэгтэй хэмээгддэг, энэ талаараа “Турк бичиг” бүтээлээрээ олон улсад танигдсан, Английн зохиолч юм байна. Түүний эцэг гүн Пирпонт бол нөхөр нь хожим Османы эзэнт гүрэн дэх Британийн Элчин сайд байжээ. Мэригийн аавын номын сан Англи, дэлхийн уран зохиол, бүтээлээр баялгаараа их алдартай, олонд түгсэн байж. Охиных нь бага нас тэрхүү номын сантай салшгүй холбоотой бөгөөд тэрбээр боловсролтой, боловсон эмэгтэй байжээ. Тийм соёлтой, ухаантай эмэгтэй хэрнээ өөрт нь дурласан эрийг тохуурхан инээсэн нь ямар учиртай юм бол. Ямартай ч зурагт дүрсэлсэн шиг илт шоолж, тохуурхан инээсэн гэдэг бөгөөд үүнээс болж А.Поуп Мэрийг дайсан шигээ үзэх болжээ. Хатагтайд гологдсон найрагч эр шархалсан сэтгэлээ шүлэг, найргаараа дамжуулан түүн рүү дайрч давшлахын зэрэгцээ бүсгүйн бүтээлүүдийг шүүмжилж, өөнтөглөх болсон аж. Английн найрагч А.Поуп бөгтөр нуруутай байсан бол бүсгүйн нүүр салхин цэцэг өвчний улмаас дүүрэн сорвитой, зарим хэсэгтээ нэлээд таталдсан байж.
Зураач Уильям Фрейт ийм нэгэн түүхийг 1852 онд зотон дээр мөнхөлжээ. Үүнээс гадна Фланман (Бельги)-ы Жан-Батист ван Мур, Английн Жонатан Ричардсон нарын зураач Мэри Монтегю авхайн хөргийг уран зурагт буулгасан байдаг.
“ЦАМХГИЙН ШАТАН ДЭЭРХ УУЛЗАЛТ”
Ирландын зураач, XIX зууны хоёрдугаар хагаст үүссэн прерафаэлит буюу Английн уран зураг, яруу найргийн академик уламжлал, туурвих аргыг сохроор даган дуурайхыг эсэргүүцсэн хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг Фредерик Уильям Бёртон (1816-1900)-ы “Цамхгийн шатан дээрх уулзалт” хэмээх бүтээл маш алдартай. Агуу сайхан хайр дурлалын тухай дүрсэлсэн энэхүү уран зургийг 2012 онд явуулсан санал асуулгаар ирландчуудын хамгийн дуртай бүтээлээр нэрлэсэн аж. Ф.Бёртон эл бүтээлээ Данийн “Хиллелилийн уй гашуу” туулиас сэдэвлэжээ.
Хааны гүнж Хиллелилийг хамгаалдаг 12 баатар эрийн нэг Хилдебранд нь бүсгүйд сэтгэл алдарчээ. Гүнж ч түүнд дурласан гэнэ. Тэдний харилцааг мэдсэн хаан аав нь долоон ханхүүдээ залууг хороохыг тушаажээ. Баатар эрийн гарт хааны зургаан хүү нь үрэгдэж, нэг нь азаар амь гарсан гэдэг бөгөөд гүнжийг аав нь боол болгон зардаг тухай уг зохиолд өгүүлдэг байна. Зураач бүтээлдээ хайртай хосын сүүлчийн уулзалтыг дүрсэлсэн аж. Ташрамд сонирхуулахад, уг зургийн эзэн Ф.Бёртон 1874 онд Лондоны Үндэсний галерейн захирлаар томилогдсон бөгөөд уг албыг хашсан гурав дахь хүн юм.
ДҮҮДЭЭ БАРЬСАН ХАРИУ “БЭЛЭГ”
“Цонхны дэргэдэх бүсгүй” хэмээх эл зургаа С.Дали 1925 онд, төдийлөн нэрд гараагүй байсан үедээ буюу 21 настайдаа зуржээ. Тэр үед түүний уран бүтээлийн Муза нь бага дүү Ана Мария (1908-1989) нь байв. Ахыгаа шүтэн биширдэг, 1929 он хүртэл уран бүтээлийнх нь онгодыг хөглөж, зургийнх нь цорын ганц натур болж байсан Ана Мария 1949 онд “Сальвадор Дали эгч, дүүсийнхээ нүдээр” нэртэй ном хэвлүүлсэн аж.
Түүнд өгүүлснээр, Дали 1929 онд нэг удаа “Би заримдаа ээжийнхээ хөрөг рүү нулимдаг, энэ нь надад таашаал өгдөг” гэж ярьсныг Ана уучилж чадаагүй аж. Ингээд тэдний сайхан харилцаа үгүй болжээ. Энэ номоос болж Сальвадор Дали маш их уурлаж, дүүдээ хорсох болсон бөгөөд сэтгэлдээ олон жил тээж бугшуулсан уур хилэнг хэд хэдэн бүтээлдээ “асгасан” байдаг. Өөрөөр хэлбэл, бухимдлаа боломж болгож, 1954 онд “Онгон ариунаараа нүгэлд автсан охин” хэмээх зургаа бүтээжээ. Цааш харан зогсох буржгар үстэй эмэгтэйн биеийн өгүүлэмж, цонхны гаднах байдал, зургийн өнгө зэрэг нь 1925 оны “Цонхны дэргэдэх бүсгүй”-нхтэй адил буюу “нэг” зураг гэдэг нь тун тодорхой аж. Эхийнхээ зураг руу нулимдаг гэснээсээ болж гэрээсээ хөөгдсөн Дали энэ зургаараа дүү Анагаасаа өшөөгөө авсан гэж үздэг.
АТААРХАЛ БА СЭЭТЭГНЭЛ
Энэ зураг дээрх өрөөнд байгаа хоёр эмэгтэй нь эгч, дүүс. Эрэгтэй нь зочин. Залуутай хөөрөлдөн ихэд хөгжилтэй байх бүсгүй сээтэгнэж буй нь илт. Харин тэднийг тийм ч таатай бус харж зогсох эгчийн сэтгэлд атаархал төрнө. Энэ бол Английн зураач Хейнс Кинг (1831-1904)-ийн 1874 онд зурсан “Атаархал ба сээтэгнэл” бүтээл юм. Хүний янз бүрийн авир ааш, төрх байдлыг дүрслэхдээ гарамгай байсан эл зураачийн энэхүү бүтээлд гэр бүл, эгч, дүүсийн харилцаа ба сэтгэл хөдлөл, эсрэг хүйстний асуудалд “бууж өгнө” гэсэн ойлголт байхгүйг өгүүлжээ. Залуугийн биеийн хэлэмж нь сууж буй охины илэн далангүй, хөнгөмсөг байдалд тийм ч таатай бус байгааг өгүүлнэ. Тэрбээр үл ялиг улайж, цээжээ хагас эргүүлснээс үүнийг мэдэж болох гэнэ. Ярилцагчдыг хажуугаас нь ажиглан зогсох охины төрх байдал нь харин дүүгийнхээсээ эсрэг.
Түүний хувцасны өнгө бараан, даашинз нь тун даруухан хэв маягтай, мөн малгайтай байгаа нь үүнийг илтгэнэ. Зураг дээр өөр нэгэн чухал зүйл байгаа нь хананд өлгөөтэй хөрөг. Тэр нь охидын аавын зураг бөгөөд хэдийн хорвоогоос явсан аж. Ийм зүйлийг бүтээлдээ шигтгэснээр “Аав нь атаархал, сээтэгнэлд автсан охидоо харан зэмлэж байна” гэсэн санааг зураач тусгажээ.
Бэлтгэсэн: Э.Хана