Өмнөд Америкийн хууль бус цагаачдын цуваа АНУ-ын одоогийн Төрийн тэргүүн Жозеф Байдены засаг захиргаанд тулгарсан анхны ноцтой асуудал боллоо. Бүгд найрамдах намынхан АНУ-ын өмнөд хил дээр хүмүүнлэгийн гамшиг бий болсонд одоогийн Ерөнхийлөгчийг буруутгаж байна. Харин Цагаан ордон үүнийг үгүйсгэжээ.
Энэ сарын дундуур Америкийн томоохон бүх телевизээр Филадельфи хотоос бэлтгэсэн мэдээ, сурвалжилгыг дамжууллаа. Хондурасын иргэн эмэгтэй Мабел Гонсалез дөрвөн жилийн дараа анх удаа хөвгүүдтэйгээ уулзав. Тэднийг Америкийн хил давахыг оролдсоны дараа салгасан аж. Тодруулбал, М.Гонсалезын гэр бүл 2017 оны намар Хондурасаас гарчээ. Бараг хоёр сар аялсны дараа түүний нөхөр болон том хүү Алекс Америкийн хилийг нууцаар давж чадсан байна. Тэдний араас нэг хоногийн дараа М.Гонсалез бага хөвгүүдийн хамт явжээ. Гэвч Мексиктэй залгаа хил дээр түүнийг саатуулагдаж, хэдэн долоо хоногийн дараа АНУ-аас хөөсөн аж. Балчир хоёр хүүхдийг нь эхлээд тусгай төв рүү, дараа нь холын хамаатнууд нь амьдардаг Филадельфи хот руу шилжүүлжээ.
Хүний эрхийн төлөө тэмцэгч хэд хэдэн байгууллага, АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдены шийдвэрээр байгуулсан, гэр бүлийг эргэн нэгтгэх асуудал хариуцсан “Family reuni¬fication taskforce” албаны хүчин чармайлтаар М.Гонсалез сая л Америкт очиж, хүүхдүүдтэйгээ уулзсан байна. Хууль бус цагаачдын хоёр л гэр бүл одоогоор ингэж уулзжээ.
ХҮҮХДИЙН ЦУВАА
Энэ оны гуравдугаар сард АНУ-ын Хилийн алба шинэ дээд үзүүлэлтийн тухай мэдээллээ. Нэг сарын хугацаанд Мексиктэй залгаа хил дээр эцэг, эх болон харгалзах хүнгүй 19 мянган хүүхдийг саатуулжээ. Хил давахыг завдсан 170 мянган хүнийг баривчилсан байна. Олон нийтийн дунд тархсан ярианаас өөр нь Өмнөд Америкийн орнуудын цагаачдын олонх нь АНУ-ын өмнөд хилээр бараг л хуулийн дагуу нэвтрэхийг хичээдэг. Өөрөөр хэлбэл, хилийн шалган нэвтрүүлэх албан ёсны цэгээр орж, эрх баригчдад бууж өгдөг гэнэ. Үүнээс өмнө 2014, 2019 онд хууль бус цагаачдын тоо дээд үзүүлэлтэд хүрч байсан бол энэ удаа эцэг, эхгүй явсан хүүхдийн тоо тийм хэмжээтэй болоход ойрхон байна.
АНУ-Д НЭВТРЭХИЙГ ХЭН ОРОЛДДОГ ВЭ
Судлаачдын тооцоолсноор 50 жилийн өмнө 1965-2008 онд Мексикийн ганц бие голдуу эрэгтэйчүүд АНУ-д хууль бусаар цагаачлахыг оролддог байжээ. 2000-аад оны эхээр тэдэн дээр Гватемал, Сальвадор, Перугийн иргэд нэмэгдсэн байна. Ерөнхийлөгч асан Барак Обамагийн засаг захиргаа шинэ журам гаргаж, насанд хүрээгүйчүүдийг шууд хөөн гаргахгүй болсноор бага насны олон мянган хүүхдийн цуваа АНУ руу хөврөх болсон аж.
2020 оны гуравдугаар сард цар тахал эхэлсэн хойно Америкийн өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хууль бусаар хил нэвтэрсэн хүмүүсийг нэн даруй албадан гаргах эрхийг Хилийн албаныхандаа өгчээ. Гэхдээ энэ шийдвэр насанд хүрээгүйчүүдэд хамаагүй байсан юм. Үүний улмаас АНУ-д цагаачлагчдыг бараг гуравны нэг нь хил давахыг хэд хэдэн удаа оролдож, хилийнхэнд ахин дахин бууж өгдөг болжээ. Тус улсын Хилийн албаныхны мэдээлснээр энэ оны хавраас тийм оролдого хийгчид хил зөрчигчдийн 28 хувийг эзлэх болсон байна. Гэхдээ энэ үзүүлэлт зөвхөн ганц бие цагаачдынх аж.
Гэр бүлээрээ яваа хүмүүс болон харгалзах хүнгүйгээр хил нэвтэрч буй хүүхдүүд орогнох эрх олгох хүсэлтийг нь шүүхээр хэлэлцэнэ гэсэн найдлага тавьж болдог гэнэ. Өдгөө чухам тэд АНУ-д нэвтрэхийг оролдож буй цагаачдын 40 гаруй хувийг эзэлж байна.
…Цагаачлалын бодлогыг сулруулбал дүрвэгсдийн цуваа дахин үүсэж, өмнөд хил дээр хямрал үүсэхийг шинжээчид сэрэмжлүүлж байв. Харин АНУ-ын одоогийн засаг захиргааны шийдвэрүүдийг хил давахаар оролдоод хөөгдсөн Төв Америкийн орнуудын олон мянган гэр бүл Мексикийн нутаг дэвсгэрт шинэ боломж хэмээн хүлээдэг болжээ. Энэ хавар тэд АНУ-аас орогнох эрх дахин хүсэхээр шийдсэн байна…
ЭНЭ ҮНЭХЭЭР ХЯМРАЛ УУ
Төв Америкийн орнуудын оршин суугчдын нэг хэсэг эх оронд нь иргэний дайн болж байсан 1980-аад оны эхээр АНУ-д орогнох эрхтэй болохыг оролдож байв. Харин цагаачдын одоогийн давлагаа нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус бүс нутгийг Эта хар салхи дайрснаас үүдэлтэй сүйрэл, Гватемал, Хондураст өлсгөлөн болсонтой холбоотой гэж судлаачид үзжээ.
Бас нэг шалтгаан нь Жозеф Байдены засаг захиргааны шинэ бодлого гэнэ. 2017-2018 онд Д.Трампын засаг захиргааны үед хил дээр саатуулсан эцэг, эхээс хүүхдүүдийг нь тусгаарладаг практик нэвтэрсэн юм. Харин энэ асуудал Америкийн олон нийтийн хүчтэй шүүмжлэлтэй тулгарсны улмаас 2018 онд хүүхдийг тусгаарлахаа түр зогсоосон билээ. Тухайлбал, цагаачдын гэр бүлийг хүнлэг бусаар, хууль зөрчин салгаж байна хэмээн Ерөнхийлөгч асан Д.Трампын засаг засаг захиргааны эсрэг 17 муж улс нь шүүхэд зарга мэдүүлсэн. Тийм гэр бүлийг 30 хоногийн дотор эргэн нэгтгэх хэрэгтэй гэсэн шийдвэрийг Калифорни муж улсын шүүх гаргаж байсан юм. Ийм асуудал тав хүртэл насны хүүхэдтэй гэр бүлд онцгой хамаатай байжээ.
Гэвч дараа нь цар тахлын улмаас Д.Трамп хууль бус цагаачдын олонхыг нэн даруй хөөн гаргаж байсан бол АНУ-ын шинэ Төрийн тэргүүн тангараг өргөснийхөө дараах эхний долоо хоногтоо л харгалзах хүнгүй яваа хүүхэд, өсвөр насныхныг хөөхгүй, тэдний өгсөн орогнох эрх олгох хүсэлтийг шүүхээр хэлэлцэж байхыг үүрэг болгосон юм. Эл шийдвэрийн дагуу сүүлийн хэдэн жил саатуулсан 600-700 хүүхдийн эцэг, эхийг хайх ажлын хэсэг байгуулжээ.
Д.Трамп төр барьсан дөрвөн жилийн хугацаанд хил дээр 5500 хүүхэд эцэг, эхээсээ салсан аж. Эцэг, эх нь хөөгдвөл хүүхдийг асрах газруудад өгч байв. Барак Обамагийн үед ч хил дээр гэр бүлүүд салж л байсан. Гэхдээ ийм явдал цөөн буюу Цагаачлалын албаныхан хүний наймаанд сэжиглэсэн ховорхон тохиолдолд авч үлдэх шийдвэр гаргадаг байсан гэдэг ч 2014 онд эцэг, эхгүйгээр, хууль бусаар хил давахыг оролдсон 60 мянга орчим хүүхэд түр саатуулах төвүүдэд байсан тухай ВВС мэдээлжээ.
Мөн Д.Трампын засаг захиргаа АНУ-д орогнох эрх хүсэх, оршин суух эрх олгодог “ногоон карт” олгох, иргэнээр хүлээн авах үйл явцад тавих шаардлагыг чангатгасан. Эдгээрийг ч Ж.Байдены баг нарийвчлан судалж, өмнөх Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг цуцалсан юм. Түүнчлэн цагаачдыг албадан гаргах асуудлыг түргэтгэх хоёр ч хөтөлбөрийг шинэ засаг захиргааныхан эргэн авч үзэх болсон нь хилийн аюулгүй байдал алдагдах, цагаачид америкчуудын ажлын байрыг булаахад хүргэнэ гэсэн хуучинсаг үзэлтнүүдийн шүүмжлэлийн бай болжээ. Гэтэл либерал идэвхтнүүд Ж.Байденаас илүү шийдэмгий алхмуудыг шаардаж буй. Цагаачлалын бодлогыг сулруулбал дүрвэгсдийн цуваа дахин үүсэж, өмнөд хил дээр хямрал үүсэхийг шинжээчид сэрэмжлүүлж байв.
Харин АНУ-ын одоогийн засаг захиргааны шийдвэрүүдийг хил давахаар оролдоод хөөгдсөн Төв Америкийн орнуудын олон мянган гэр бүл Мексикийн нутаг дэвсгэрт шинэ боломж хэмээн хүлээдэг болжээ. Энэ хавар тэд АНУ-аас орогнох эрх дахин хүсэхээр шийдсэн байна.
Ж.БАЙДЕНЫ ЗАСАГ ЗАХИРГААНЫ ОРОЛДЛОГО
Цагаачдад тавьсан хоригийг зөөлрүүлэхээр сонгуулийн өмнө өгсөн амлалтаа биелүүлэх гэж өмнөд хил дээр хүмүүнлэгийн гамшиг үүсгэсэн хэмээн Жозеф Байденыг АНУ-ын Конгресс дахь Бүгд найрамдах намын гишүүд хэдийнээс буруутгаж буй.
Гэтэл Цагаан ордон байдлыг улирлын чанартай асуудал гээд, цаг агаарын байдал таатай болоод ирэхээр Төв Америкийн орнуудын олон мянган иргэн АНУ-ын хил хүртэлх хүнд хэцүү явган аялалд гардаг гэжээ. Гэхдээ цагаачдад зориулсан түр хоргодох газрууд хөл тавих зайгүй дүүрснийг Америкийн засаг захиргаа хүлээн зөвшөөрсөн байна. Техас муж улсын Доха хотхонд 4000 гаруй хүн, тэдний дотор бага насны хүүхдүүд хилийн албаны ердөө 250 хүний багтаамжтай майхан хуаранд байрлаж буй гэнэ. Мөн 32 хүний зориулалттай нэг цогцолборт өдгөө 600 гаруй хүүхэд байна. Калифорни муж улсын Даллас, Сан Диего хотын цэнгэлдэх хүрээлэн, концертын танхимуудад зассан орогнох газрууд руу цагаачдыг яаралтай шилжүүлэх замаар энэ асуудлыг эрх баригчид нь шийдэхийг оролдсоор. Тэрчлэн бүх хүүхдийг цаг алдалгүйгээр АНУ-ын ивээн тэтгэгчдэд шилжүүлэхээ Вашингтон амлажээ. Мөн Ерөнхийлөгч Ж.Байден хууль бус цагаачлалтай тэмцэх саналаа Конгресст өргөж барьж, Төв Америкийн орнуудын иргэд олноороо дүрвэхэд хүргэж буй шалтгаантай тэмцэхэд дөрвөн тэрбум доллар олгохыг хууль тогтоогчдоос хүссэн байна. Үүний сацуу АНУ-ын засаг захиргаа тус бүс нутгийн орнуудын Засгийн газартай хэлэлцээ хийж, хүүхдүүдийг Америкийн хил дээр бус, улсынхаа нутаг дэвсгэрээс орогнох баримт бичиг өгүүлж байхыг хүсэж буй гэнэ.